sonin.mn
Бээжин /МОНЦАМЭ/.АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун-тай Сингапур улсын Сентоза арал дахь Капелла зочид буудалд “түүхэн” уулзалт хийлээ. 
Энэ уулзалтын талаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ны сайд Ван И “АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүд хамт сууж эрх тэгш байдлаар яриа хэлэлцээ хийж байгаа нь өөрөө маш том эерэг утга агуулгатай, шинэ түүхийг бүтээх үйл явдал болж байна.
Хятадын тал энэхүү үйл явдлыг дэмжиж байна. Учир нь энэ бол бидний хүсэн хүлээж, хичээн зүтгэж байсан зорилт, үр дүн юм. Хоёр орны төрийн тэргүүд асуудлыг шийдвэрлэж, хүндрэл бэрхшээлүүдийг даван туулж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох үйл хэргийг бодитоор хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна. Хятадын тал өөрийн зүгээс боломжтой бүхий л хувь нэмрийг оруулах болно. Холбогдох бүх талуудыг хичээл зүтгэл гаргаасай гэж хүсч байна” хэмээн илэрхийлэв.
Тэрээр мөн сэтгүүлчдийн асуултад хариулав,
 
“Зарим ажиглагчид АНУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалт нь Солонгосын хойгийн асуудалд Хятад улсыг “шоовдорлогдох” байр суурьтай болгож байна гэж харж байгаа. Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?” гэсэн асуултад
 
-“Солонгосын хойгийн цөмийн асуудлын хамгийн гол зүйл, шалтгаан бол аюулгүй байдлын асуудал. Тиймээс АНУ, БНАСАУ-ын талууд яриа хэлэлцээ хийж асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх арга замыг олох нь чухал. Хятад улсын оролцоо бол АНУ, БНАСАУ-ын уулзалтыг зохион байгуулахыг дэмжих юм. Бид олон жилийн туршид энэ тал дээр өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн. Солонгосын хойгийн асуудлыг энх тайвны замаар, яриа хэлэлцээний арга замаар шийдвэрлэх нь цорын ганц зөв зам. Энэ удаагийн уулзалтаар Солонгосын хойгийн энх тайвны механизмыг байгуулж, БНАСАУ-ын зүй ёсны аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх ёстой. Хятад улс бие даасан шинжтэй, маш чухал хувь нэмрийг оруулж байгаа. Цаашид ч үүнийгээ үргэлжлүүлнэ”гэж хариулав.
АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүнүүд уулзалтын дараа үр дүнгийн баримт бичигт гарын үсэг зурсан. Энэ удаагийн уулзалтыг хэн бүхний төсөөлж байснаас ч илүү үр дүнтэй уулзалт боллоо хэмээн дүгнээд байна. Мөн тэд харилцан бие биенээ өөрийн улсдаа айлчлахыг уриад байгаа юм.
 
А.Анхбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг