sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан нам, “Америк-Азийн хүрээлэн”-тэй хамтран “ИМПАКТ-5” цогц сургалтыг АНУ-ын Вашингтон хотноо ирэх долдугаар сард зохион байгуулах болжээ.
Тус намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид “Олон улсын Бүгд найрамдахчуудын хүрээлэн”-гийн урилгаар энэ оны хоёрдугаар сард АНУ-ын Вашингтон хотноо ажлын айлчлах үеэрээ АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүд, Конгресс дахь Монголын бүлгийн хамтран даргалагч Дон Яанг, Дина Тайтус, Конгрессын гишүүн, төлөөлөгчдийн танхимын Ардчиллын түншлэлийн дарга Питер Роскам албаны бусад хүмүүстэй уулзалт хийсэн. Ингэхдээ АНУ-ын Бүгд Найрамдах нам, Монгол Улсын Ардчилсан нам хоорондын холбоо харилцааг өрөгжүүлэх талаар харилцан санал солилцсон бөгөөд Элчин сайд асан Ш.Батцэцэг “Америк-Азийн Хүрээлэн”-гийн Дэд ерөнхийлөгч Рачель Макнит болон гүйцэтгэх захирал Мери Шью нарын урилгаар “Америк-Азийн хүрээлэн”-д ажиллаж, цогц сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон байна. Улмаар “ИМПАКТ-5” цогц сургалтыг ирэх сард эхлүүлэхээр бэлтгэж буй аж.