БЕЛГРАД. /РИА Новости/. Македон улсын нийслэл Скопье хотод байрлах парламентын байрны өмнө өрнөсөн эсэргүүцлийн ажиллагааны үеэр 7 цагдаагийн ажилтан бэртэл гэмтэл авч, 25 хүнийг баривчлан саатуулжээ. Македон улсын нэрийг өөрчлөх тухай хэлэлцээртэй холбоотойгоор тус улсад эсэргүүцлийн ажиллагаа өрнөсөн юм.
Грекийн гадаад хэргийн сайд Никос Котзиас болон Македонын гадаад хэргийн сайд Никола Димитров нар өнгөрсөн ням гарагт Македон улсын үндсэн хуулиар баталгаажуулах шинэ нэрний тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Тус хэлэлцээрт зааснаар Македон улсын нэрийг Бүгд Найрамдах Хойд Македон улс болгож өөрчлөхөөр болсон байна. Хэлэлцээрт оролцогч талууд болон олон улсын байгууллагын төлөөлөгчид тус гэрээг түүхэн гэрээ гэж нэрлэсэн бөгөөд энэ гэрээг байгуулснаараа Македон улсын Умард Атлантын гэрээний байгууллага /НАТО/ болон Европын Холбоо /ЕХ/-нд элсэх үүд хаалгыг нээж өгч байна гэж үзжээ.
Нэрийн асуудлаархи маргаан Грек болон Македон улсын хооронд 25 жил үргэлжилж байгаа юм. Македон улсын нэрийг Грекийн Македон мужийн нэртэй давхцуулахгүйн тулд Грекчүүд тус улсыг нэрээ өөрчлөхийг шаардсаар ирсэн юм.
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг