sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УИХ-ын МАН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцсэн байна.
Энэ талаар тус бүлгийн дарга Д.Хаянхярваа, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар мэдээлэл хийв. Засгийн газраас уг тогтоолын төслийг шуурхай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн бөгөөд МАН-ын бүлэг Тавантолгойн ордыг эргэлтэд оруулж, Монгол Улсын эдийн засагт оруулах үр өгөөжийг нэмэгдүүлэх нь зөв гэдэгт санал нэгдэж байгаа аж. УИХ-ын Хаврын чуулганы хугацаа дуусах дөхөж байгаа тул энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэх хэрэгтэй хэмээн тус бүлэг үзжээ. Өмнөговь аймгийн байгалийн тэнцвэрт байдлыг хангах, усны асуудлыг шийдвэрлэх энэ чиглэлд орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, тус ордоос гарч буй нүүрсийг угаах чиглэлд дотоодын нөөц боломжийг ашиглах хэрэгтэй гэсэн саналыг бүлгийн гишүүд гаргасан байна.
Бүлгийн дарга Д.Хаянхярваа, “Түүхий нүүрсийг 65-70 ам.доллар, угаасан нүүрсийг 120-130 ам.доллараар экспортод гаргаж байгаа. Хэрэв “Энержи Ресурс” компанийн угаах үйлдвэрийг бүрэн ашиглаж чадвал жилд улсын төсөвт 600 тэрбум төгрөгийн татварын орлого олох боломж байна. Энэхүү тогтоолыг өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Хаврын чуулган хаахаас өмнө батална” хэмээв.
 
Мэдээллийн дараа сэтгүүлчид УУХҮ-ийн сайдаас сонирхсон асуултадаа хариулт авав.
 
-“Эрдэнэс-Тавантолгой” компанийн 30 хүртэлх хувийг олон улсын зах зээлд гаргаж, хөрөнгө татах үйл явц ямар хугацаанд үргэлжлэх вэ. Энэ чиглэлд тодорхой судалгаа гаргасан уу?
 
-Ойролцоогоор нэг жилийн хугацаанд бэлтгэл ажлаа хангана. Энэ хугацаанд компанийн бүртгэл тооцоог нэгтгэх, гадаад, дотоодын зөвлөхүүдээс зөвлөгөө авах зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой. Ингэснээр эдийн засагт экспортын орлого нэмэгдэж, жилд төсөвт 400 саяас 1.1 тэрбум ам.долларын орлого төвлөрлүүлэх, 5800 ажлын байр нэмэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоо гаргасан байгаа.
 
-Тавантолгойн цахилгаан станцийн асуудлыг хэрхэн тусгасан бэ?
 
-2013 онд “Эм Си Эс” болон Японы “Марубени” корпорацийн хамтарсан консерциум ТЭЗҮ-г боловсруулсан. Энэ ТЭЗҮ-нд тулгуурлан байгуулж, Тавантолгойн ордын цахилгааны асуудлыг шийдвэрлэхээр цогцоор нь тусгасан.
 
-Тавантолгойн цахилгаан станцийн төслийг хэрэгжүүлэх консерциумаас “Марубени” корпораци гарсан. Тэгэхээр “Эм Си Эс”-ийн 34 хувийн санхүүжилтээс өөр хөрөнгийн эх үүсвэргүй болоод байна?
 
-Ер нь бол энэ төслийг хэрэгжүүлэх хамгийн сайн хувилбар бол төр, хувийн хэвшлийн түншлэл гэж харж байгаа.
 
-Хаврын чуулганы хугацаа дуусах дөхсөн энэ үед энэ төслийг өргөн барьсан нь ямар шалтгаантай вэ?
 
-Энэ асуудлыг 2016 оноос эхлэн судалж, хамгийн зөв шийдлийг боловсруулахын төлөө ажиллаж ирсэн. Төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар дэмжсэн тул УИХ-аар хэлэлцэх болж буй юм.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг