sonin.mn
"Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилго" Үндэсний хэлэлцүүлэг 2018 оны 6 дугаар сарын 25-нд Төрийн ордонд зохион байгуулагдах гэж байна. 
Хэлэлцүүлгийн гол зорилго нь Монгол Улс дахь Дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангах асуудал юм.
НҮБ-ын Ерөнхий Ассемблей 2015 оны 9 дүгээр сард “Эх дэлхийгээ шинэчилье: 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийнзорилго”-ыг НҮБ-ын 193 гишүүн орны шийдвэрээр баталсан байдаг. Ядуурлыг устгах, байгаль орчноо хамгаалах, хүний тайван амгалан амьдрах эрхийг хангах зэрэг олон улсын хөгжлийн талаарх асуудлыг шийдвэрлэхээр санал болгон дэвшүүлж буй багц зорилтуудаа хамруулсан байдаг.
Манай улс ч тус хөгжлийн зорилготой уялдуулан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр УИХ-ын 19 дүгээр тогтоолоор баталж, Ерөнхий сайдын 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 44 дүгээр захирамжаар шалгуур үзүүлэлтүүдийг урьдчилсан байдлаар тодорхойлсон байдаг.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк, Нэгдсэн Үндэстний байгууллагатай хамтран “Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилго” үндэсний хэлэлцүүлгийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулахаар боллоо. Хэлэлцүүлгээр Монгол Улс дахь Дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангах үүднээс салбарын дунд болон богино хугацааны бодлогын баримт бичгүүдийн уялдааг сайжруулж, үе шаттайгаар хэрэгжүүлэх механизмыг бий болгох, санхүүгийн болон хяналт, шинжилгээ, үнэлгээний оновчтой тогтолцоог бүрдүүлэн, эрчимжүүлэх асуудлыг хөндөн ярилцана.
Уг хэлэлцүүлэгт олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн газар, төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.