Манай улс өнгөрсөн онд ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрагдсан. Хөтөлбөрийн дагуу тус сангаас улирал тутамд үнэлгээ хийж, дараагийн шатны санхүүжилтийг олгодог. Хамгийн сүүлд гурав дахь шатны үнэлгээний дараа тус сангийн зүгээс манай улсад хэрэгжүүлж буй хөтөлбөр амжилттай, үр дүнтэй хэрэгжиж байгааг дүгнэж, 30.55 сая ам.долларын санхүүжилт баталсан юм. Харин ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн дөрөв дэх шатны үнэлгээг хийх ажлын хэсэг өнгөрсөн сард манай улсад ажиллаж, тайлангаа гаргажээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас дараах зүйлийг тодрууллаа.
 
-ОУВС, Монгол Улсын Засгийн газрын хамтарсан хөтөлбөрийн дөрөв дэх шатны тайланг гаргасан байна. Тайланд дурдсан үр дүнгийн талаар мэдээлэл өгнө үү?
 
-ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн дөрөв дэх шатны үнэлгээг хийх ажлын хэсгийнхэн Монгол Улсад ажиллаад буцлаа. ОУВС-гийнхан Захирлуудын зөвлөлийн хурлаа Монголын цагаар энэ сарын 27-ны шөнө хийж, шийдвэрээ гаргалаа. Энэ удаагийн хурлаар ОУВС, Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтарсан санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц болон манай улсын эдийн засагт гарч байгаа үр дүн, үзүүлэлт ямар байгаа талаар ярилцсан. Ингээд тэдний зүгээс манай улсын эдийн засгийн үзүүлэлт сайн бөгөөд "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр" үр дүнгээ өгч байна гэж дүгнэсэн. Учир нь, энэ оны эхний улирлын байдлаар манай улсын эдийн засгийн өсөлт 6.1 хувьтай гарч, төсвийн байдал, сахилга бат сайжирсан. Мөн өр, төлбөрөө нэлээд дарсан үзүүлэлттэй байгаатай холбоотой
 
-"Дим сам" бондын үлдсэн төлөлтийг барагдуулах хугацаа энэ сараар дуусгавар болж байна. Үүнийг хэрхэн шийдэх гэж байна вэ?
 
-Хоёр хоногийн дараа буюу энэ сарын 30-нд манай улс "Дим сам" бондын өрийг төлж барагдуулах ёстой. "Дим сам" бондын өрийг ам.доллараар своп хийсэн байсан учраас ам.доллараа юань болгосон. Өнөөдөр юаниар төлбөрөө хийгээд дуусч байна. Ингэснээр зөвхөн энэ сард л гэхэд 750 тэрбум төгрөгийн өр төлөөд дуусч байна. Засгийн газар өөртөө зээл аваагүй. Бид арилжааны бүсдээ зээл авахгүйгээр өрийг санхүүгийн сахилга бат, Засгийн газрын санхүүгийн мөнгөн хөрөнгийн удирдлагыг зөв болгох замаар өрөө бууруулж, тэглээд явж байгааг ОУВС-гийнхан нэлээд үнэлж байгаа. Түүнчлэн манай улсын валютын нөөц нэмэгдэж, гурав гаруй тэрбум ам.долларт хүрсэн. Үүнийг эергээр дүгнэж байна. Хэдийгээр ийм үр дүн гарч байгаа ч эдийн засаг эмзэг хэвээр байгаа. Яагаад гэвэл, дөнгөж бий болж байгаа эерэг зүйлсийг цаашдаа тогтвортой байхад анхаарахгүй бол эрсдэл бий гэдгийг ОУВС хуралдааныхаа үеэр ярилцсан байна лээ.
 
-ОУВС-гийнхны зүгээс ямар анхааруулга өгсөн бэ. Хэдийгээр хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа ч тэдний зүгээс тодорхой захиас өгдөг шүү дээ?
 
-Хэрэгжүүлж буй шинэчлэл, явуулж байгаа бодлогоо цаашид тууштай явуулаарай гэж хэлсэн. Ялангуяа төсвийн Сахилга бат, эдийн засгийн зөв бодлогоо тууштай үргэлжлүүлэх талд анхаарахыг сануулсан. Ямар нэгэн цочмог арга хэмжээ авч, нийгэмд гэнэтийн нөхцөл байдал үүсгэхгүй байхад зөвлөгөө өгч, анхааруулсан.
 
-Төрийн албан хаагчдын цалинг нэмэх, хүүхдийн мөнгө олгох зэрэг тодорхой асуудалд цаашид ямар бодлого барих вэ. Энэ оны IV улиралд эмч, багш нарын цалинг нэмэхээр тохиролцсон шүү дээ. Энэ хэвээрээ юү?
 
-Төрийн албан хаагчдын цалинг нэмнэ гэдэгт ОУВС-гийнхантай ярилцаж ойлголцоод явж байгаа. Ирэх сарын сүүлчээр ОУВС-гийнхан манай улсад ирнэ. Тэр үед төрийн албан хаагчдын цалин нэмэх талаар илүү нарийвчилж ярих учиртай. Энэ талаар нэг зүйлийг онцлон хэлэхэд, Монгол Улсын эдийн засгийн одоогийн нөхцөл байдал эмзэг байгаа. Хэдийгээр бид хямралаас гарч, хүнд байдлаа даван туулсан ч энэ нь үндсэндээ Монголын гурван сая иргэний амьдралтай шууд холбоотой. Хувийн хэвшлийнхний үйл ажиллагаа, бизнес идэвхжсэн нь ажлын байр нэмэгдэж байгаагаас харагдаж байна. Гэсэн ч бидэнд эдийн засгийн бодлогын алдаа гаргах эрх байхгүй. Дээр нь олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай харилцан ойлголцож, тохиролцоод явж байна. Тиймээс ард түмнийхээ эрх ашгийн төлөө цалин, хөлс нэмэх асуудлыг шийдэх учиртайг Үйлдвэрчний эвлэлийн холбооныхонтой ярилцсан. Үүнийг мөн ОУВС-гийнхантай ярилцаж ойлгуулсан.
 
-Үндэсний их баяр наадмын өмнө шатахууны үнэ нэмэгдэнэ гэсэн цуу яриа "газар авлаа". Импортлогч компаниуд шатахууны үнээ бодитоор нэмж, баярын өмнө иргэдэд илт дарамт учруулах нөхцөл үүсвэл Засгийн газраас ямар арга хэмжээ авах вэ?
 
–Шатахууны үнэ нэмэгдэхгүй. Учир нь, шатахууны онцгой албан татварыг тэглэчихсэн. Өмнөх шиг мөнгө хэвлэж шатахуун импортлогч компаниудад өгч болохгүй. Бид эдийн засгийн буруу бодлого явуулахгүй. Яагаад гэвэл, эдийн засгийн буруу бодлого явуулаад ирэхээр л түүний төлөөсийг монголчууд төлдөг шүү дээ. Өнөөдөр бид 750 тэрбум төгрөгийн өр төлж байгааг онцолж хэлмээр байна. Нийт монголчуудын жилд төлдөг Хувь хүний орлогын албан татвар 680 тэрбум төгрөг. Гэтэл бид энэ хэмжээний мөнгийг зөвхөн нэг сарын өрөнд зарцуулж байна. Энэ нь эдийн засгийн буруу бодлого явуулсны горыг нефьт импортлогч компаниуд биш Монголын иргэд төлж байна гэсэн үг.
 
-Онцгой албан татварыг тэглэснээр Засгийн газар хэдэн төгрөг төлж байна вэ?
 
-Засгийн газар хилээр оруулж ирж байгаа нефьтийн бүтээгдэхүүнээс А80, АИ92 хүртэл авто бензиний татварыг тэглэсэн. Энэ хэмжээгээр төсвийн орлого буурна гэсэн ойлголттой байна.
 
-Хуурамч шатахуун импортлоход нөлөөлж байгаа дагалдах бодисуудад Сангийн яам татвар авч эхэлнэ гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
 
-Хуурамч шатахууныг шалгадаг байгууллага нь өөр. Татвар нэмж хуурамч шатахуунтай тэмцэнэ гэдгийн зарчмыг би ойлгохгүй байна. Түүнийг Мэргэжлийн хяналтын байгууллагууд нь шалгаж, хянаад явах учиртай. Хуурамч зүйлтэй тэмцэнэ гээд үнийг нь нэмж болохгүй шүү дээ.
 
М.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин