sonin.mn
Монголчууд бид ӨАБНУ-аас бусад Африк тивийн улсуудыг муу муухайн жишээ болгон ярьдаг болоод удаж байгаа билээ. Гэтэл өнгөрсөн жил энэ тивийн эдийн засгийн үзүүлэлтээр өнөөх ӨАБНУ маань тивийнхээ “Айргийн тав”-д ч багтаж чадаагүй байна. Олон улсын нэр хүндтэй хэвлэлүүд “Африкийн арслан улс”-ууд гэгдэж буй 10 гаран улс удахгүй “Азийн бар”-уудыг гүйцэж түрүүлнэ гэж бичдэг болоод чамгүй хугацаа өнгөрлөө. “Азийн бар” улсын нэг Өмнөд Солонгос улс 20 жил эдийн засгийн өсөлтөө 7 хувьд барьж өнөөгийн хөгжил, дэвшилд хүрсэн. Тэгвэл “Африкийн арслан улс”-уудад энэ үзүүлэлт сүүлийн 10 жилд 5-12 хувь байна. “Баялгийн хараал”-аас энэ улсууд яаж гарч, яагаад биднээс эдийн зас­гийн хөгжлөөрөө ингэж хол тасраад явчихав аа?!
Үүний шалтгааныг хо­лоос хайх хэрэггүй. Хөгж­­лийн үзүүлэлтээр тивийнхээ эхний аравт орж чадаагүй боловч эдийн засгийн жилийн өсөлт нь тогтмол 5-7 хувьд, нэг хүнд оногдох ДНБ 3500 ам.доллар байгаа Танзан улс л гэхэд бидэнтэй адил, дэлхийн 183 улсыг нэгтгэдэг “Зэрлэг амьтан ба ургамлын айм­­гийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худал­даа­­лах тухай конвенц/CITES/”-ийн гишүүн улс. Ялгаа нь Танзан улс жилд дэлхийн нэн ховор амьтан ирвэсийг гадаадын анчдаар агнуулах 500 эрх/квот/-тэй байна.
 
 
Харин монголчууд бид юун зохистой ашиглан нэн ховор амьтны тоо тол­гойг хамгаалж, гадаадын анчдаар агнуулах олон улсын квот авч валют цолох, мал идсэн ирвэс агналаа гэж малчнаа шоронд хийгээд сууж байна. Танзан улс CITES-ийн “Байгаль хамгаалах гэж зохистой ашиглахыг хэлнэ. Зохистой ашиглах гэж байгаль хамгаалахыг хэлнэ” гэсэн олон улсын зарчмыг амьдралд хэрэгжүүлж чадаж байна. Харин монголчууд бид олон улсаас тас зөрж “Байгаль хамгаалах гэж харамлахыг хэлнэ” гэсэн зарчмыг гайхалтай сайн хэрэгжүүлж нэн ховор байтугай элбэг амьтнаа ч зохистой ашиглаж, хам­гаалж чадахгүй сууцгааж байгаа билээ. Яагаад бид муу муухайн жишээ болгоод байсан африк­чуудаас хол хоцорчихсон гол шалтгаан нь ердөө л энэ. Ингээд “Африкийн арслан улс”-ын айргийн тавынх нь эдийн засгийн байдалтай товч танилцъя.
Нийт 30 221 532 км² газар нутагтай Африк тив нь хүн амын тоогоор Евроазийн дараа орно. Дэлхийн 6 хувь, хуурай газрын 20.4 хувийг эзэгнэх энэ тивд нийт 62 улс, үүнээс 55 нь тусгаар тогтносон улс юм. Харин тав нь тусгаар тогтнолоо зарласан ч олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй улс. Үлдсэн нь европын улсуудын харъяанд байдаг авто­номит эрх бүхий ул­сууд бөгөөд Африк тив нь улсынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг билээ.
 
БОТСВАН УЛС
 
 
Шууд­хан хэлэхэд Африкийн өмнөдөд орших энэ улсад унаган байгаль гээд байх юм байхгүй бас туйлын онцгүй цаг ууртай. Газар нутгийнх нь 70 хувийг Калахаарын цөл эзэлдэг болоод тэр. Гэвч нэг хүнд оногдох ДНБ 17042 ам.доллар. Жилийн ДНБ-ний эдийн засгийн өсөлт тогтмол долоон хувь. Эдийн засгийн гол эх булаг нь алмааз олзворлолт. Очир алмаазнаас гадна алт, мөнгө, цагаан алт, хүхэр, асбест, нүүрс, бром, таалк, хром, уран олборлодог. Уул уурхай нь ДНБ-ний 45 хувь, аж үйлдвэр нь 33 хувь, хөдөө аж ахуйд хүн амын 16 хувь нь ажиллаж ДНБ-ний 1.8 хувийг бүрдүүлдэг.
 
ГАБОН УЛС
 
 
Францын колони байсан Төв Африкийн энэ улс 1960 онд тусгаар тогтнолоо зарласан бөгөөд албан ёсны хэл нь франц. Атлантын далайн эрэгт Экваторын шугамд ойрхон орших тул халуун орны ойгоор баялаг. Хүн амын 80 хувь нь хотод амьдардаг. Үнэт ойгоос гадна байгалийн хий, нефть, уран, мангаан олборлоно. Нэг хүнд ногдох ДНБ 19 056 ам.доллар. Жилийн ДНБ-ний өсөлт 7 хувь.
 
МАВРИКИЙ УЛС
 
 
Мада­гаскар арлын зүүн талд орших Мав­рикийн аралд оршдог улс. Жин­­хэнэ солонгорсон эдийн засагтай улс гэж хэлж болно. Оффшор улс болс­ноор банкны үйл ажил­­лагаанаас үлэмж ашиг олдог бөгөөд энэ улсад өмнөд Африкийн улсуудад болон Энэтхэгт зориулан үйл ажиллагаа явуул­даг 9000 гадны компани ажилладгаас гадна 32 мянган оффшор компани бүртгэгдэн үйл ажиллагаа явуулдаг. Гадны хөрөнгө оруулалтыг маш ам­­жилттай татдаг. Хүн амын 9 хувь нь хөдөө аж ахуйд, 30 хувь нь аж үйлд­вэрт үлдсэн 61 хувь нь үйл­­чилгээний салбарт ажил­ла­даг. Ажилгүйдэл хүн амын хоёр хувийг эзэл­дэг. Саахарын нишинг та­­­­риалж ДНБ-ний 4/1 ху­­вийг бүрдүүлдэг. Мөн за­гас агнуур боловсруулалт эр­хэл­дэг. Нэг хүнд ногдох ДНБ 20422 ам.доллар. Жи­лийн ДНБ-ний өсөлт 7.5 хувь.
 
СЕЙШЕЛИЙН АРАЛ УЛС
 
 
Мадагаскаар арлын зүүн хойд талд орших энэ улс 2008 оны эдийн засгийн хямралаас сур­гамж авч шаардлагатай то­дорхой салбаруудад инно­ваци амжилттай нэвт­­рүүл­сэнээр тансаг бай­галь, цаг агаараас гадна, дэд бүтэц, аюулгүй байдал, хүний хөгжлийн индек­сээр олон улсад гайхагдах болсон. Өнөөдөр эдийн засгийн боломжтой бол­сон болохоор нефть, байгалийн хийн эрэл хай­гуулыг эрчимжүүлж эдийн засгаа тэлэх бодлого барих бол­сон. Эдийн засгийн гол орлого нь аялал жуулч­­лалаас бүрддэг. Нэг хүнд ног­дох ДНБ 27 602 ам.доллар. Жилийн ДНБ-ний эдийн засгийн өсөлт таван хувь.
 
ЭКВАТОРЫН ГВИНЕЙ УЛС
 
 
Атлантын далайн Эква­торын бүсэд орших Гвиней улсыг нефтийн эзэнт улс гэхэд хилсдэхгүй. Газрын тосны арвин их баял­гаас гадна Европ бо­лон Америк тив рүү нефть зөөвөрлөх газарзүйн ашигтай байрлал нь энэ ул­­сад эдийн засгийн асар их боломж олгодог. Ажилч­­­дын дундаж ца­лин аль хэдийнэ 1000 ам.доллараас давсан боло­хоор цагаачид олонтой. ДНБ-ний нийт болон нэг хүнд оногдох үзүүлэлтээр дэл­­­хийд 24-т жагсдаг. Энэ нь ОХУ, Испани, Израи­­лиас гадна Англи, Франц, Итали улсуудыг ардаа орхисон гэсэн үг. Нэг хүнд оногдох ДНБ 38639 ам.доллар. Жилийн ДНБ-ний өсөлт тогтмол 12 хувь.
 
 
Г.Амарсанаа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин