sonin.mn
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний “Фитч” агентлаг өчигдөр Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В-” байсныг “В” болгон дээшлүүлж, төлвийг “Тогтвортой” болгож буйгаа зарлалаа.
Манай улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлсэн тухай тус агентлаг мэдэгдэхдээ, "Монгол Улсын Төсвийн гүйцэтгэл, тоон үзүүлэлтүүд 2017 оны 11 дүгээр сараас хойш тогтмол сайжирч 2018 оны тавдугаар сард төсвийн орлого өмнөх оны мөн үеэс 26 хувиар өссөн. Мөн төсвийн зарлага 6 хувьд хүрсэн нь 2018 оны зорилтот түвшинд хадгалагдаж байна. Фитчийн зүгээс төсвийн алдагдал 2018 оны эцэст ДНБ-ний 3.9 хувьд хүрч бууран, улмаар Засгийн газрын нийт өр ДНБ-ийн 75.3 хувь /2017 онд 81.2 хувь, 2016 онд 91.4 хувь байсан/ хүртэл буурна гэсэн төсөөлөлтэй байна.
Олон Улсын Валютын Сан /ОУВС/-гийн Захирлуудын зөвлөл гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн дөрөв дэх шатны үнэлгээг зургадугаар сард хэлэлцэж баталсан бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилт сайн, 2018 оны гуравдугаар сарын байдлаар бүх тоон үзүүлэлтүүд амжилттай хангагдсан болохыг тэмдэглэсэн. Ийнхүү ОУВС цаашлаад бусад донор орнууд болон хөрөнгө оруулагчдын санхүүжилтүүд үргэлжлэн хийгдэх боломж бүрдсэн.
Монгол Улсын гадаад валютын нөөц 2017 оны эхээр нэг тэрбум ам.долларттай тэнцэж байсан бол ОУВС-гийн хөтөлбөртэй уялдаатайгаар санхүүжилт хийгдсэнээр энэ оны тавдугаар сарын байдлаар 3.3 сая ам.долларт хүрч өслөө.
Хэрэглээ болон уул уурхайн салбарын хамааралтай хөрөнгө оруулалтууд нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлт үргэлжлэн сайжирч 2018 оны нэгдүгээр улиралд 6.1 хувьд хүрсэн. Энэ оны дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д  айлчилсанаар, хил дээрх маргаан шийдвэрлэгдэж, нүүрс болон зэсийн нийлүүлэлтүүд эрчимжлээ" гэжээ.
Түүнчлэн Фитч агентлагаас Монгол Улсын бодит ДНБ-ийг 2018 оны эцэст 5.2 хувь, 2019 онд 6.3 хувьд хүрэх төсөөлөлтэй байгааг мэдэгдсэн байна.
 
Б.Заяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг