sonin.mn
ТОКИО. /ТАСС/. Японы газрын тос импортлогч компаниуд Иранаас газрын тос худалдан авахаа бүрэн зогсоохоор бэлтгэж байна гэж Японы Nikkei сонин пүрэв гарагт мэдээлжээ.
ТАСС агентлагийн мэдээлснээр, Японы компаниуд Иранаас газрын тос нийлүүлэхийг энэ оны аравдугаар сар гэхэд бүрэн зогсоосон байх ёстой бөгөөд уг түүхий эдийг импортлох өөр эх сурвалж нь Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират Улс болох төлөвтэй байна. Nikkei сонины мэдээнд тэмдэглэснээр, Иранаас газрын тос импортлогч Японы “JXTG Holdings” болон “Idemitsu Kosan” компаниудад 2018 оны 11 дүгээр сар гэхэд импортоо бүрэн зогсоохыг АНУ-ын засаг захиргааны зүгээс анхааруулсан ажээ. Эс бөгөөс эдгээр компанид их хэмжээний торгууль ногдуулах юм байна.
АНУ-ын засаг захиргаа энэ оны 11 дүгээр сард Ираны эсрэг авч хэрэгжүүлэх хориг арга хэмжээнүүдээ сэргээхээр төлөвлөж байгаа аж. Үүнтэй уялдуулан Ираны газрын тостой холбоотой мөнгөн гүйлгээг хийхгүй гэж Японы банкууд тус улсын газрын тосны компаниудад мэдэгдсэн байна.
 
Лу.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг