sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Багшийн мэргэжил дээшлүүлэх институт /БМДИ/-ын  захирал  "70 ажилтныхаа 68 хүнийг ажлаас халжээ” гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн сүүлээр гарсан. Энэ талаар тус институтын захирал Д.Сүрэнчимэгээс тодрууллаа.
 
Тэрбээр, “Одоогийн байдлаар БМДИ-ээс нэг ч хүн ажлаас халагдаагүй, ажил хэвийн явж байна. Харин байгууллагын бүтэц өөрчлөх хэрэгцээ шаардлага үүссэн. Өнгөрсөн зургадугаар сард Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль батлагдсан. БМДИ өмнө нь Сургуулийн өмнөх боловсрол /СӨБ/, ЕБС-ийн байгууллагын багш нарын хөгжлийн асуудлыг хариуцдаг байсан. Шинэ хуультай холбоотой МСҮТ, их, дээд сургууль болон бүх түвшний сургалтын байгууллагын багш нарын хөгжлийн асуудлыг хариуцах болж байна. Ингэхээр одоо явж буй бүтцээр ажиллах боломжгүй учир өөрчлөх хэрэгтэй болж байна. Яагаад гэвэл  өнөөдөр энэ байгууллага судлагдахуун, хичээл рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, монгол хэл, зураг, дууны хичээл их, дээд сургуульд ордоггүй. Тэгэхээр тэр албад энэ үйл ажиллагааг явуулах боломжгүй. Ингэхээр бид үйл ажиллагаагаа өөр шатанд гаргах хэрэгцээтэй болж байгаа. Үүнтэй холбоотой БСШУС-ын сайд 2018 оны наймдугаар сарын 01-ний өдөр бүтэц өөрчлөх, нэгж, албадыг зорилгынхоо чиглэл, олон улсын жишиг, өнөөгийн шаардлагад нийцэхүйцээр өөрчлөх тушаал гаргасан. Тушаалын дагуу манай захирлуудын зөвлөл хуралдаж, аль албанд ямар албан тушаал байж зорилгодоо хүрэх вэ гэдэг шинэ бүтцийн албан тушаалыг гаргасан юм. Ингээд энэ сарын 07-нд нийт ажилтнууддаа “Бүтэц ингэж өөрчлөгдөж байна. Энэ бүтцэд ийм ийм албан тушаал байна. Та бүхэн энэ албан тушаалд хаана нь ажиллах талаар саналаа өгөх хэрэгтэй. Саналаа өгөхдөө “Энэ ажлын яаж хийх вэ гэсэн өөрийнхөө төсөөллийг бичиж өгөх хэрэгтэй. Дээд сургуулийн багш нарыг бэлдэх хэрэгтэй учраас магистр, түүнээс дээш түвшний хүмүүс ажиллах хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьсан. Хуулийн дагуу бид сарын өмнө мэдэгдэх ёстой, тиймээс та саналаа өгөөд дараагийн бүтцэд байрших ажлаа хийхэд бидэнд нэг сарын хугацаа байна. Ирэх 9 сарын 7-ны өдөр гэхэд шилжилтийг өөрсдийнх нь саналаар хийнэ.  Таны тухайн ажлыг яаж харж байгаа талаарх туршлага, ур чадвараас харгалзана” гэдгийг хэлсэн. Энэ нь нэг бүтцээс нөгөө бүтцэд шилжих процесс явагдаж байна. Өнөөдөр БМДИ-д магистрын зэргээс доош зэрэгтэй хүн маш цөөхөн байдаг. БМДИ нийт 70 ажилтантай, 20 гаруй нь ордны үйлчилгээ хариуцдаг, мэргэжлийн үндсэн процесс дээр 50 шахам хүн ажилладаг. Тэд 40-өөд мянган багшид хүрч ажилладаг. Бид БНСУ-тай боловсролын салбарт нийгмийн өргөн хүрээнд хамтарч ажиллаж байна. Тус улсын хувьд дунд сургуулийн түвшинд 648 мянган багштай. Тэдний багшийг хөгжүүлэх манайх шиг байгууллага 47 ажилтантай. Бид бага хүчээр, зөв менежмент хийж  багшаа хөгжүүлэх арга технологийг судалж, хайх шаардлага гарч байна” гэсэн хариулт өглөө.
 
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг