sonin.mn
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2019 оны санхүүгийн жилийн батлан хамгаалахын төсөвт гарын үсэг зуржээ. “Риа Новости” агентлагийн мэдээлснээр, 716 тэрбум ам.доллар бүхий батлан хамгаалахын төсөв нь өмнөх оныхоос 3 хувиар илүү аж. Гарын үсэг зурах ёслол өчигдөр Нью-Йорк муж улсын Форт-Драм цэргийн баазад болжээ.
Шинэ төсөв нь юун түрүүнд цэргийн албан хаагчдын тоог 16 мянгаар нэмэгдүүлэх мөн тэдэнд олгох тэтгэмжийг 2,6 хувиар нэмэгдүүлэхэд чиглэжээ. Түүнчлэн уг баримт бичигт Украинд үргэлжлүүлэн цэргийн тусламж үзүүлэх, цэргийн салбарт Оросын эсрэг чиглэсэн хэд хэдэн арга хэмжээг тусгажээ. Төсвийн тухай хуульд дурдсанаар 40 тэрбум ам.долларыг агаарын цэргийн хүчинд, 65 сая ам.долларыг бага хүчин чадалтай шинэ цөмийн цэнэгт хошуу боловсруулахад зарцуулах аж. Ардчилсан намынхан сүүлийн заалтыг эсэргүүцэж, стратегийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээнүүдийн тухай илтгэлүүдийг танилцуулахыг засаг захиргаанд үүрэг болгохыг санал болгосон хэдий ч бүгд найрамдахчууд шинэ цөмийн цэнэгт хошуу нь Оросыг тогтоон барихад зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа учраас тус саналыг нь хүлээж аваагүй байна.
 
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг