sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болоод буй цөлжилттэй тэмцэх, энэ чиглэлд шинжлэх ухаан, инноваци, технологийн дэвшлийг ашиглах зорилго бүхий “Хуурай ба хагас хуурай бүс нутгийн хөгжил ба хамгаалалт, тулгамдаж буй асуудал түүний шийдвэрлэх боломжууд” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр эхэллээ.
Шинжлэх ухаан технологийн сангийн 25 жилийн ойн хүрээнд Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй энэхүү хуралд Монгол, Өвөр Монгол, БНХАУ, Канад, Хонг Конг болон Тайваны 160 эрдэмтэн, судлаачид оролцож байна. Бага хурал маргааш буюу энэ сарын 15-ныг дуустал үргэлжилнэ.
 
 
Энэ үеэр БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга. Б.Бат-Эрдэнэ, “Сүүлийн жилүүдэд Монгол Улсад бэлчээрийн доройтол ихээхэн нэмэгдэж байгаа. Түүнчлэн далайд гарцгүй манай улсын хувьд хөрсний бохирдол тулгамдсан асуудал болоод байна. Засгийн газраас 2017 онд Шинжлэх ухаан технологийн талаар төрөөс баримтлах бодлого баталсан байгаа. Уг бодлогоор байгаль орчинд ээлтэй төслүүдийг хөгжүүлэх, мэдлэгт суурилсан эдийн засгийг нэмэгдүүлэх эрхзүйн орныг тодорхойлсон юм. Энэ удаагийн хурлаар дэлхий нийтийн байгаль, цаг уурын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн хүрээлэн буй орчны бохирдол зэргийг хэлэлцэх юм” гэлээ.
Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Тэжээлийн лабораторийн эрхлэгч Д.Болормаа, “Монгол орон бол бэлчээрийн мал аж ахуйн орон. Гэвч бэлчээрийн даацын асуудал тулгамдах болсон. Энэ талаар эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн эрдэмтэд олон төрлийн судалгаа хийж байгаа. Гэхдээ эдгээр судалгааны ажлыг цогц хэлбэрээр хийвэл ач холбогдол өндөр болно. Малын тоо толгой хэт өссөнөөс үүдэн бэлчээрийн доройтолд орж байгаа гэхээс илүүтэй байгалийн баялгийг зөв ашиглах, нөхөн сэргээх нь чухал. Мөн малын иддэг ургамал хомсдож байгаа учир түүнийг нь нутагшуулахад анхаарах хэрэгтэй. Монгол 82 сая толгой мал багтаах бэлчээрийн даацтай гэдэг. Гэхдээ энэ нь тухайн жилийн ургац өсөлт, бууралтай холбоотойгоор тодорхой хувиар хэлбэлздэг. Энэ удаагийн хуралд байгалийн нөөц, эко системийг зөв зохистой хэрэглэх талаар олон орны эрдэмтэд судалгаа шинжилгээ, илтгэлээ танилцуулж байгаа тул манай салбарын гадаад харилцааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой” хэмээв.
Тайваний Соёлын их сургуулийн профессор Квон Андрей, “Манай улсад хуурайшилттай холбоотой олон асуудал бий. Энэ нь хүн амын өсөлттэй холбоотой цаг уурын өөрчлөлтөөс үүдсэн гэж үздэг. Тиймээс өөрийн илтгэлдээ цаг уурын өөрчлөлт, хуурайшилтын талаар судалгаагаа танилцуулж, бусад орны эрдэмтэн судлаачдаас туршлага судлах зорилт тавьсан” гэлээ.
 
 
Д.Болор-Эрдэнэ
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг