sonin.mn
Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, амжилт хүсье. Монгол Улсад ажиллах хугацаанд Элчин сайд таны ажилд Монгол Улсын Засгийн газар болон Ерөнхий сайд миний зүгээс бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлж ажиллах болно” гэлээ.
Мөн “Өмнөх Элчин сайдууд хоёр улсын харилцааг хөгжүүлэх, ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулсан. Элчин сайд Жон Жэ Нам та ч мөн бидэнтэй нягт хамтран ажиллаж хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргаж хөгжүүлэхэд бүтээлч, шинэлэг ажлуудыг хамтран хэрэгжүүлж үр дүнд хүргэнэ гэж итгэж байна” гэв.
 
 
Уулзалтаар хоёр улсын иргэд хэтдээ харилцан визгүй зорчих чиглэлийн ажлыг шат дараатайгаар авч хэрэгжүүлэх асуудлыг хөндөв. Энэ нь аялал жуучлал, иргэдийн урсгалыг дэмжих, Монгол иргэд БНСУ-д хууль бусаар үлдэх явдлыг багасгах, мөн БНСУ-ын ЭСЯ-ны ачаалал буурахад ихээхэн үр дүнтэй арга хэмжээ болно гэж үзэж байгаа юм.
Элчин сайд Жон Жэ Нам нь 2018.05.11-нд Монгол Улсад томилогдон ирж, 2018.05.17-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад итгэмжлэх жуух бичгээ барьсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.