sonin.mn
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямбатай уулзаж, хийж бүтээж буй ажлынх нь талаар хэсэг хором хөөрөлдлөө. Тэрбээр айл өрхийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, ажлын байрыг бий болгохын тулд жижиг дунд бизнес, өрхийн үйлдвэрлэлд гол анхаарлаа хандуулж, аймаг орон нутагтаа сүүлийн жилүүдэд хийгдээгүй их бүтээн байгуулалтыг өрнүүлэх санхүүжилтийг шийдвэрлэн ажиллаж байгаа юм байна. Энэ жил Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 95 жилийн ой тохиов.
 
- Сайн байна уу? Хоёулаа яриагаа өнгөрсөн онд Хэнтий аймагт өрнөсөн бүтээн байгуулалтын ажлаар эхэлье. 2017 он санхүү, эдийн засгийн хувьд хүндрэлтэй жил байсан хэдий ч Хэнтий аймгийн хувьд бүтээн байгуулалтын ажил ихтэй жил байлаа. Хичнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэв?
 
-Тиймээ. Юуны өмнө 2017 онд Улсын төсөв хүндхэн, эдийн засаг сөрөг үзүүлэлттэй, Монгол орон даяараа бүсээ чангалж, хөрөнгө оруулалтыг хязгаарласан жил байсан хэдий ч Хэнтий аймгийн хувьд бид орон нутагтаа чамлахааргүй олон бүтээн байгуулалтыг хийлээ. Тухайлбал аль 2009 онд намайг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үед шийдэгдэж барилгын ажлаа эхлүүлсэн хэдий ч дуусаагүй өдий хүрсэн барилга, обектуудыг хөдөлгөөнд оруулж ажилласны үр дүнд Хэнтий аймагт маань 21 аймагт хамгийн томд тооцогдох жилдээ 70 гаруй мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилгыг ашиглалтад орууллаа. Түүнчлэн мөн л удаан хугацаанд хүлээгдэж байсан Биндэр сумын ЕБС-ийн барилгаа ашиглалтад оруулж саяхан хүлээн авлаа. Шинэ Өндөрхаан хорооллын гадна цахилгааны асуудлыг Ерөнхий сайдын багцаас шийдүүлж гэрэл дулаантай болгож ашиглалтад хүлээн авлаа. Ингэснээр тус хороололд баригдсан Хэрлэн 1-р сургуулийн 920 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга болон ТОСК-ийн 120 айлын орон сууцнууд ашиглалтад орлоо. Тус 120 айлын орон сууцандаа түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэн Хэрлэн сумын 120 өрхийг байртай болгоод байна. Мөн түүнчлэн иргэдийн зүгээс ихээхэн гомдол дагуулдаг байсан Чандганы талын эвдэрхий замыг засах ажлыг эхлүүлж, эхний ээлжинд 17,5 км замыг засварлан шинэчиллээ. Төр хувийн хэвшлийн түншлэлээр аймагтаа зүүн бүсийн авто тээврийн төв, 2 дугаар багийн төвийн барилгын ажлыг гүйцэтгүүлж хүлээн авахад бэлэн болоод байна. Цэнхэрмандал суманд тээврийн хяналтын постын барилгыг бариулж ашиглалтад авлаа. Энэ мэтчилэн олон бүтээн байгуулалт өрнөсөн жил байлаа.
 
- Түүхт ойн босгон дээр Хэнтий аймагт улсын болон аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар олон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна.  Энэ талаар тодруулж хэлнэ үү?
 
-Өнгөрсөн оны бүтээн байгуулалтууд шил шилээ даран ашиглалтад орж байгаатай зэрэгцээд энэ онд мөн Хэнтий аймгийнхаа байгууллагуудын хуучирсан барилгуудыг шинэчлэн барих бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр улсын төсөвт тусгагдаад байна. Зөвхөн Хэнтий аймгийн төвд л гэхэд аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналт, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Татварын албаны болон цэцэрлэгийн шинэ барилгууд, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын иргэдэд үйлчлэх төвийг байгуулж шинээр барих гээд томоохон ажлууд хийгдэнэ. Шинэ Өндөрхаан хороололд 200 хүүхдийн цэцэрлэг, зарим сумдад цэцэрлэг, сургуулийн дотуур байр гэхчлэн бүхий л салбарт хөрөнгө оруулалт тусгагдаад байна. Манай аймгийн хувьд ногоон хөгжлийн зорилтоо тодорхойлон аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэлээ болгох зорилт тавин ажиллаж байгаатай уялдаад Монголын нууц товчоонд дурдагдсан хэд хэдэн газруудад бүтээн байгуулалтын ажил өрнөнө. Тухайлбал хэдхэн хоногийн өмнө Батноров суманд Тэмүүжин Боорчи нарын Андлалын өргөөний шавийг тавьсан бол Биндэр суманд Их Монголын өргөө барьж байгуулна. Мөн Зүүн бүсийн автотээврийн төв, 2 дугаар багийн төвийн барилгууд ашиглалтад ороход бэлэн болоод байна. “Хэнтий аймгийн түүхэнд зах зээлийн системд шилжсэнээс хойш улсын төсвөөр ийм их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэж байгаагүй.  Энэ ч утгаараа 2018 он их ажлын жил болж байх болно.”
 
-Манай аймаг “Хэнтийн брэнд” бүтээгдэхүүнтэй болсон байгаа. Энэ талаар тодруулаач?
 
-Гадаад дотоодоос ирсэн зочид гийчид маань тухай орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг худалдан авах сонирхолтой байдаг. Тиймээс бид “Хэнтийн брэнд” дэд хөтөлбөрийн хүрээнд 18 сум 5 тосгоноос сум орон нутагтаа үйлдвэрлэх боломжтой орон нутгийн брэнд болгох бүтээгдэхүүний судалгааг авч "Хэнтийд үйлдвэрлэв" 6 нэр төрлийн багц бүтээгдэхүүнийг гаргасан. Үүнд борц, ааруул, буриад талх, зөөхий, зөгийн бал, шимийн архи зэрэг 6 нэр төрлийн бүтээгдэхүүн багтсан бөгөөд манай аймгийг зорин ирж буй хүмүүст нутаг орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дээжийг бэлэг болгон өгөхөд тохиромжтойгоор өнгө үзэмжид нь ч анхаарсан. Орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж байхад тулгамддаг асуудлын нэг нь бүтээгдэхүүнээ савлахад тоног төхөөрөмж байдаггүйгээс болж, стандартын шаардлага хангадаггүй, худалдаанд гаргах боломжгүй байдаг гэдгээ ярьдаг. Тиймээс орон нутгийн зүгээс хуванцар сав хэвлэх, тараг зөөхий савлах болон сүү, ус савлах тоног төхөөрөмжийг  орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр шийдээд байна. Мөн түрүүн хэлсэн тун удахгүй ашиглалтад орох гэж байгаа зүүн бүсийн Авто тээврийн төвийн нэг давхарт орон нутгийн гар урчууд, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулах боломжоор хангахаар “Хэнтийд үйлдвэрлэв” бүтээгдэхүүн сурталчлах төвийг ажиллуулахаар ОНХС-ийн 25 сая төгрөгөөр тохижилтын ажлыг хийгээд байна. Орон нутгийн зүгээс хуванцар сав хэвлэх, тараг зөөхий, сүү, ус савлах тоног төхөөрөмжийг  шийдэж, “Хэнтийд үйлдвэрлэв” бүтээгдэхүүн сурталчлах төвийг ашиглалтад оруулахад бэлэн болоод байна.
 
-Хэнтий аймгийн хувьд 2018 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ чиглэлээр хийж байгаа ажлуудаасаа дурдвал?
 
- “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд сар бүр тодорхой ажлуудыг төрийн бүхий л шатны байгууллагуудтайгаа хамтран хэрэгжүүлж байна. Аливаа улсын хөгжил нь өрх, гэр бүлийн хөгжил, цаашлаад хүний хөгжлөөсөө шууд хамааралтай байдаг. Тэгвэл Хэнтий аймгийн хөгжлийн үндэс нь юу вэ гэвэл яалт ч үгүй өрх, гэр бүлийн хөгжил гэдэгт анхаарлаа хандуулж байгаа юм. Бид боловсрол, эрүүл мэнд, жижиг дунд бизнес гэж ихээхэн ярьдаг энэ бүхний маань гол хараа нь гэр бүл шүү дээ. Тэр ч утгаараа бидний сар бүр төлөвлөж байгаа ажлууд иргэн бүртээ хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа. Жишээлбэл тавдугаар сард бид 18 сумынхаа 88 багт хүрч, иргэдтэй уулзаж, 14 төрийн  байгууллагын 41 төрлийн үйлчилгээг үзүүллээ. Малчны хотонд очиж иргэдийнхээ аж амьдралтай танилцаж, санал хүсэлтийг нь сонсож, шаардлагатай асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Иргэд маань ч их талархалтай хүлээж авсан. Жилийн 4 улиралд нуруу тэнийх завгүй явдаг малчид маань зардал мөнгө, цаг хугацаа хэмнэсэн сайхан ажил болсонд дахин дахин талархаж байсан. Тиймээс бид 18 суманд эрүүл мэндийн цогц үйлчилгээний багийг ажиллуулж, иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч байна. Цаашдаа иргэд маань төрийн үйлчилгээг авахаар ирэх биш, төр иргэндээ хүрч ажилладаг болох зорилт тавин ажиллаж байна.
 
-Иргэн бүртээ төрийн үйлчилгээг хүргэхийн төлөө ажиллана гэлээ. Тэгвэл иргэдийн зүгээс төрийн үйлчилгээнд ямар үнэлэлт дүгнэлт өгч байна вэ?
 
- Өмнөх жилүүдэд ард иргэдийнхээ санал бодлыг сонсож байхад төрийн албан хаагч түүний үзүүлж байгаа үйлчилгээтэй холбоотой санал гомдлууд нэлээд ирдэг байлаа. Бидний хувьд ч энэ тал дээр анхаарлаа хандуулж шат дараатай олон ажлуудыг хийж эхэлсэн. Энэ ажлуудын маань эхлэл нь тансаг хэрэглээг хязгаарлах, төсвийн хэмнэлтээс эхэлсэн гэж хэлж болно. Жишээлбэл том жийптэй 30 гаруй төсвийн байгууллагын дарга нарыг зардал бага гарах суудлын жижиг машин тодруулбал приус машин болгож, цөөн хэдэн том машиныг цас, зуд, байгалийн эрсдлийн үед хөдөө томилгоонд хэрэглэж болох юм гэж үзэж үлдээсэн байгаа. Түүнчлэн санхүүгийн сахилга батыг ч чангатган ажиллаж байна. Шударга ёсыг хэрэгжүүлэх хамгийн анхны алхам нь үйл ажиллагаа ил тод байх зарчим. Төрийн захиргааны бүх байгууллагын үйл ажиллагаа ил тод байж санхүүгийн гүйлгээний 5 саяас дээш нь шилэн дансанд тавигдахаас гадна 5 сая төгрөгөөс доош гүйлгээг ч цахимаар тавь гэдэг хатуу шаардлага тавьж байгаа. Бүх тендерүүдийг зөвхөн онлайнаар ил тод зарлаж, шалгаруулдаг болж байна. Энэ мэт ил тод байдлыг хангасан ажлуудыг хийснээс гадна бид аймагтаа анх удаа удирдах ажилтны 1,2 дугаар зөвлөлгөөн хийж, үүндээ аймаг, сумын төсвийн шууд захирагчдыг бүгдийг хамруулан төрийн ажилтны ёс зүйн талаар нээлттэй хэлэлцсэн. Ер нь бол төрийн албаны сахилга хариуцлага гэдэг бол сайн хөгжлийн үндэс юм шүү дээ. “Бид төрийн ажил үйлчилгээг хуулийн хүрээнд, хурдан шуурхай, иргэддээ чирэгдэлгүй үзүүлж чадна. Тэр ч утгаараа төр иргэний уялдаа холбоо сайжирч, ард иргэд төрдөө итгэх итгэл нь батжин хөгжлийн үндэс суурь болох учиртай. Иргэдээсээ хамааралгүй төр гэж үгүй шүү дээ.”
 
- Их ажлынхаа хажуугаар цаг гарган ярилцсан танд баярлалаа.
 
-Та бүхэнд ч бас баярлалаа. Нутаг орныхоо сайн сайхан, хөгжил, дэвшлийн төлөө та бид хамтран зүтгэсний үр дүнд өдрөөс өдөрт өссөн нутаг минь өнгөжин жавхаажсаар байна.
 
 
Д.Одонтунгалаг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг