sonin.mn
ШИНЭ-ДЕЛИ. /Reuters/. Энэтхэг улс 2022 онд нисгэгчтэй сансрын хөлөг анх удаа хөөргөнө гэж тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди мэдэгдлээ.
Хэрвээ Энэтхэг нисгэгчтэй сансрын хөлөг хөөргөвөл ийм төрлийн сансрын ажиллагаа явуулсан дөрөв дэх орон болох юм. Өмнө нь ОХУ, АНУ, БНХАУ нисгэгчтэй сансрын хөлөг хөөргөсөн билээ.
Энэтхэгийн Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулан тэрбээр үг хэлэхдээ, "ядууст зориулсан эрүүл мэндийн даатгалын төлөвлөгөөг ирэх сарын 25-наас эхлүүлэн хэрэгжүүлнэ. Ядуу иргэдийг чанартай, боломжийн үнэтэй эрүүл мэндийн үйлчилгээгээр хангах ажлыг эн тэргүүнд хийхгүй бол болохгүй" гэж мэдэгджээ.
Өнөөдөр Энэтхэг улс тусгаар тогтносны 72 жилийн ой тохиож байна. Энэтхэг 1947 оны наймдугаар сарын 15-нд Их Британиас тусгаар тогтнож, 1950 оны нэгдүгээр сарын 26-нд Бүгд Найрамдах Улсаа тунхагласан билээ. Тус улс нь газар нутгаараа дэлхийд долоодугаарт, хүн амын тоогоороо хоёрдугаарт, эдийн засгаараа дөрөвдүгээрт ордог том гүрэн юм.
 
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг