Байгалийн гамшгийн улмаас үүссэн хохирлыг арилгах төмөр замын сэргээн босголтын ажлын талаар УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрээр: "2018 наймдугаар сарын 12-ны өглөө 05:00 цагийн үед Улаанбаатар- Сайншанд чиглэлд явж байсан суудлын галт тэрэгний замын шороо үерийн усанд угаагдсанаас зүтгүүр болон дөрвөн вагон замаас гарсан.
Мэдээлэл 05:15 цагт ирсний дараа замыг хааж, шуурхай ажлыг эхлүүлсэн. Зарим удирдлагууд 06:05 цагт Улаанбаатараас автомашинаар хөдөлсөн. Холбогдох эмнэлгийн байгууллагууд газар дээр нь шуурхай ажиллаж иргэдийг тайвшруулах, эрүүл мэдндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. 
12-ны үдээс хойш замын нэгдүгээр орлогч дарга осол гарсан газар руу очиж ажилласан. 13-нд замыг нээсэн байгаа. 
Өнөөдрийн байдлаар сэргээн босголтын ажил үргэлжилж байна. 
81 хүн эмнэлгийн тусламж авсан. Бүх зорчигчдыг Улаанбаатарт авчирсны дараа дахин шаардлагатай шинжилгээнд хамруулж өнөөдрийн байдлаар 18 хүн УБТЗ-ийн Төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
ОХУ-аас Сэргээн босголтын вагон ирсэн. Сэргээн босголтын үед дугуйт техник явахад хүнд байсан учраас хоёр танкыг авч ажиллуулсан. Нийтдээ 486 хүн газар дээр нь ажиллаж, сэргээн босголтод оролцлоо. 
Нийт хохирлын хэмжээ одоогоор бүрэн гүйцэд гараагүй байна. Эхний хоёр өдрийн сэргээн босголтын дараагаар 200 гаруй сая төгрөгийн зардал гарсныг урьдчилсан байдлаар тооцоолоод байна гэв. Үүний дараагаар сэтгүүлчдийн зарим асуултанд хариуллаа.
 
- Ослын дараа таныг "ажлаа өгөх хүсэлт гаргасан, гаргаагүй" гэх мэдээллүүд тарж байсан. Энэ тухайд тайлбар өгөөч?
 
- Ер нь өнгөрсөн долоо хоног нэлээд хүнд байлаа. 747 дугаар км дээр гарсан ослын дараа штабын ажлыг би өөрийн биеэр удирдаж, бусад албадын хоорондын уялдаа холбоо, хэрэгцээтэй бараа материалаар хангах гэх мэт асуудлууд дээр ажиллаж байсан. Тэр үед өөрийнхөө ажлаас чөлөөлөгдөх, байгаа нөхцөл байдлыг орхиод явах тийм сэтгэл надад байгаагүй. 
Уг нь би өнөөдөр та бүхэнтэй Жигжиднямаа гэж хүний хувийн асуудалыг ярих биш болсон үйл явцын талаар мэдээлэл өгье гэж бодсон. Асууж байгаа бол би хариулая. Би өргөдөл өгөөгүй. 
Ослын шалтгаан үер уснаас болсон гэсэн дүгнэлттэй байгаа. Хүний хүчин зүйлээс шалтгаалсан зүйл байхгүй гэсэн дүгнэлттэй учраас хэн нэгэн хүний болон өөрийнхөө хариуцлагын асуудлыг ярих болоогүй гэж үзэж байна. 
 
- Замаас гарч унасан зүтгүүр, вагонуудыг дахин ашиглах боломжтой юу?
 
- Таван бүрэлдэхүүний асуудал байгаа. Тээшийн вагон нэг, хоёр зорчигчдын вагон, хоёр секц зүтгүүрийн асуудал байна. Зорчигчдын болон тээшийн вагонууд цаашаа ашиглагдах боломжгүй болсон. 
Хоёр загал 009 гэсэн зүтгүүрийн хувьд өнөөдөр сүүлийн секц нь дугуйн дээрээ босч байгаа. Депод оруулаад мэргэжилтнүүд бүрэн байдлаар магадлагаа хийнэ. Зүтгүүрийг цаашид ашиглах боломжтой эсэх нь мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтээр тодорхой болно. Ашиглаж болохгүй гэсэн тохиолдолд сэлбэгийн асуудал яригдана. Тэгэхээр мөнгөн дүн одоо яригдах боломжгүй гэсэн үг. 
 
- Хөдөлгөөн саатсантай холбоотойгоор гарсан хохирлыг тооцоолсон уу?
 
- Мэдээж хэрэг хөдөлгөөн 30 гаруй цаг саатсан учраас хохирол гарах нь тодорхой. Ачаагаа цаг хугацаанд нь хүргэх боломжгүй болох нөхцөл үүссэн. Зорчигч тээврийн хувьд осол гарсан хэсгээс бусад хэсэгт тээвэр хэвийн үргэлжилж хаасан замд зорчигчдыг автобусаар тээвэрлэсэн. 
Дээрх нөхцөл байдлуудтай холбогдуулан хохирлыг тооцоолох ажил үргэлжилж байгаа. Эцсийн байдлаар тооцоолол гараагүй байна. 
 
- Дахиад ийм осол гарахгүй гэх баталгаа байгаа юу?
 
- Төмөр зам жил бүрийн хавар үер усны аюулаас сэрэмжлүүлсэн тушаал гаргадаг. 
Энэ оны гуравдугаар сард мөн тушаал гарч холбогдох ажилтнуудад замын суурь бүтцийн шалгалтыг тогтмол хийх үүргийг өгсөн. Өдрийн цагаар төмөр замын тор засагч нар тороо засахаас гадна замын нөхцөл байдыг шалгаад явдаг. Дээрээс нь бороотой, үер болох эрсдэлтэй үед хариуцаж буй ажилтнууд нь тодорхой хэсэг хэсэг газруудын байдалтай танилцаад явдаг. Үүнийгээ хийж байсан. 747-р км-ийн хэсэг бол гуравдугаар сард гарсан тушаал дээр онцгой анхаарах талаар заасан байсан. 
12-ны өдрийн хувьд зурвас газар бороотой гэх мэдээлэл 15:40 цагт хэсэг хариуцсан мастерт ирсэн байсан. Ингээд мастер ажилтнуудаа зам руу явуулсан байна лээ. Эргүүлүүдийн машин шаварт суусан учраас явганаар эргүүлээ хийгээд явж байхад осол гарсан.  
747-р км-ийн хэсгээр осол гарахаас 20 минутын өмнө 33 дугаар галт тэрэг явж өнгөрсөн. Мастер 33 дугаар галт тэрэгний машинчтай холбогдож замын нөхцөл байдлыг тодруулахад, "Багахан хэмжээний бороо орж байна. Замын байдал хэвийн байна" гэсэн мэдээлэл өгсөн. Үер 20 минут хүрэхгүй хугацаанд орж ирсэн байгаа юм. Богино хугацаанд тиймэрхүү хэмжээний их устай бороо орохыг тааж мэдэх боломжгүй байсан.
 
- Төмөр замд дэр модны асуудал байнга яригддаг. Уг осол гарахад дэр модны нөлөө байсан байж болох уу?
 
- Манай суурь бүтцийн байдал сайнгүй байгаа. Замын ихэнх хувь нь хуучны модон дэртэй, шороон чигжээстэй. 2018 онд хийхээр төлөвлөсөн их засвар хийгдэж дуусаагүй 404 км замын засварын ажил дутуу байна. Осол гарсан замд хамгийн сүүлд 1997 онд их засвар хийгдсэн. 
Дэр модны аж ахуйн хувьд байдал нэлээн хүнд байгаа. Гол замаа төмөр бетон дэртэй, хайрган чигжээст рүү шилжүүлж амжаагүй. Тэгэхээр эрсдэл байж болохыг үгүйсгэхгүй гэсэн юм.