sonin.mn
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2018.08.16/ 11 цагаас Төрийн ордны “В” танхимд Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй улсын эмнэлгүүд болон УИХ-ын 53-р тойрог дахь Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн удирдлагууд мөн ЭМЯ, дүүргийн Эрүүл мэндийн газрын төлөөлөлтэй уулзаж, өвөлжилтийн бэлтгэл, тулгамдсан асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийвэрлэх талаар санал солилцлоо.
 
 
 
УИХ-ын 53 дугаар тойрог нь 70 мянга орчим хүн ам бүхий дөрвөн хороотой. Хороо тус бүр нэг Өрхийн эрүүл мэндийн төвтэй. 11-р хорооны “Хонхор” тосгоны Эрүүл мэндийн төвийн ашиглалтад ороод удаагүй барилгынх нь дээврээс ус гоождог, мөн дулаан алдагдал ихтэй байгаа аж. Түүнчлэн 2010 онд авсан, дуудлаганд явдаг УАЗ-469 маркийн машины ашиглалтын хугацаа хэдийнэ дуусчээ. 12-р хорооны “Амгалан итгэлэхүй” ЭМТ-ийн хувьд түргэний машин, эхо, шарлагын машин шаардлагатай байгааг хэлсэн бол 13-р хорооны “Эрүүл өсөх” ЭМТ-ийн хувьд мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгаа юм байна. 
Харин 28 мянган  хүн амтай 16-р хорооны “Насан урт” ЭМТ  өдөрт дунджаар 300-350 хүнд үйлчилдэг бөгөөд байрны багтаамж маш бага, ачаалал ихтэй үед хонгилоор зөрөхөд ч хэцүү, тусгаарлах өрөө ч байхгүй тул талбай ихтэй байр шинээр бариулах шаардлагатай байгаа гэлээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан Баянзүрх дүүргийн хамгийн олон хүн амтай хороо болох 16-р хорооны Эрүүл мэндийн төвд шинэ барилга барих хөрөнгийг ирэх оны төсөвт тусгаж өгөх талаар онцгой анхаарахыг салбарын яамыг төлөөлж ирсэн газрын дарга нарт анхаарууллаа. 
Уулзалтын үеэр эмнэлгийн удирдлагууд боловсон хүчний нөөц хангалтгүй байгаа нь ачааллыг нэмэгдүүлж, иргэдэд хүртээмжтэй үйлчилж чадахгүйд хүргэж байгааг хэлж байлаа. Тухайлбал, БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул хэлэхдээ  тус дүүрэг 93713 өрхийн 323123 хүн амтай. Үүний дээр 15-20 мянга орчим хөдөлгөөнт буюу түр оршин суугчтай. Дүүргийн хүн амын тоо  хурдацтай өсөж байгаа энэ үед 2009 онд буюу 250241 хүн амтай байх үед  батлагдсан 229 ажилчдын орон тоо өнөөдөр 323123 хүн амд хүрчихээд байхад хэвээр байна гэсэн юм. 
 
 
Энэ талаар Ж.Батзандан гишүүн байр сууриа илэрхийлэхдээ “Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт болон хүний нөөцийг тухайн дүүрэг, хорооны хүн амын тоог харгалзан хуваарилах ёстой. Гэтэл Монгол Улсын хүн амын 10 хувь нь оршин суудаг Баянзүрх дүүргийн эмнэлгүүдэд хоёр дахин бага хүн амтай Сүхбаатар, Чингэлтэй дүүргээс цөөн эмч, сувилагч ажиллаж байна мөн хөрөнгө оруулалт нь ч хангалтгүй байна” хэмээгээд цаашид энэхүү хуваарилалтын гажгийг засч залруулахыг Эрүүл мэндийн яамныханд захилаа. Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар улсын хэмжээнд нийт 10 мянган эмч, 11 мянган сувилагч ажиллаж байна. 10 мянган хүн тутамд ногдох  эрүүл мэндийн ажилтны тоогоор дэлхийн бусад оронтой харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлттэй. Гэхдээ эмч, сувилагч нарын харьцаа болон байршлыг эргэж харъя гэлээ.  
Мөн үеэр ЭМЯ-ны Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Батбаяр ЭМДС-гаас сонгон шалгаруулалт явуулахад БЗД-ийн 28 дүүргээс 16 нь тэнцсэн. Эдгээр Эрүүл мэндийн төвд энэ онд 430 сая төгрөг нэмж олгохоор болсныг дуулгалаа. 
Хэлэлцүүлгийн төгсгөлд уулзалтыг зохион байгуулагч Ж.Батзандан гишүүн “Баянзүрх дүүргээс сонгогдсон бусад гишүүдийн хамт тус дүүрэгт томоохон эмнэлэг шинээр байгуулах хөрөнгийг улсын төсөвт тусгуулах тал дээр анхаарал тавьж ажиллана” гэдгээ хэлсэн юм.