sonin.mn
ШИНЭ ДЕЛИ. /Анадолу/. Энэтхэг улсын өмнөд нутгийн Керала мужид үер болон хөрсний гулгалтын улмаас амиа алдсан хүний тоо 67 хүрсэн тухай тус мужийн засаг захиргаанаас лхагва гарагт мэдээлэв.
Керала муж улсад агаарын тээврийн компаниудын хийгээд төмөр замын үйл ажиллагаа тасалдаж, урьд хожид байгаагүйгээр үерийн гамшигт нэрвэгдээд байгаа юм байна. Тус мужийн тэргүүн сайд Пинарайи Вижаяны ажлын албанаас мэдээлснээр, 150 мянга орчим хүнийг түр хоргодох 1000 гаруй байр руу шилжүүлээд байгаа ажээ.
“Нөхцөл байдлыг зохицуулахад мужийн засаг захиргаа ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Өглөө нь 14 дүүргийн 12-т нь аюулын улаан түвшин зарлаад байсан хэдий ч орой болоход бүх дүүрэгт зарлахад хүрсэн” гэж тэргүүн сайдын ажлын албанаас мэдээлсэн байна. Энэтхэгийн армийн бие бүрэлдэхүүн аврах ажиллагаа явуулахаар “Тривандрум” олон улсын нисэх буудалд лхагва гарагт газардсан ба тэд хүнд нөхцөлд ороод байсан хүмүүсийн нутагт яаралтай очсон байна.
“Хүчтэй аадар бороо үргэлжлэн орсоор байгаагийн улмаас нөхцөл байдал улам хүндэрч байна. Цаашид амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй” гэж Керала мужийн байгалийн гамшгийн уршгийг арилгах байгууллагын төлөөлөгч пүрэв гарагийн өглөө “Анадолу” агентлагт өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ.
Энэтхэг улсад борооны улирлын үеэр жил бүр олон зуун хүн амиа алддаг аж. Энэтхэгийн засгийн газрын зүгээс Керала муж улсад тусламж үзүүлэхэд хэзээд бэлэн гэж Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди мэдэгдсэн байна.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг