sonin.mn
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр (2017.08.16) БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Байгаль орчин, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн байнгын хорооны дарга Ким Хаг Юун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Хоёр орны парламент хоорондын нөхөрсөг харилцааг хөгжүүлэх зорилго бүхий арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Үндэсний ассамблейн гишүүдтэй уулзаж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа Улсын Их Хурлын дарга илэрхийлэв. 
Хоёр орны парламент хоорондын нөхөрсөг харилцааг хөгжүүлэх зорилго бүхий арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Үндэсний ассамблейн гишүүдтэй уулзаж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа Улсын Их Хурлын дарга илэрхийллээ.
 
 
Мөн тэрбээр энэ өдрүүдэд БНСУ-д дэлхийн дулаарлаас үүдэлтэй, сүүлийн 100 гаруй жил тохиогоогүй их халуун болж, үйлдвэрлэл үйлчилгээ зогсон, зарим газар хүний амь нас эрсдсэн харамсалтай зүйл тохиож байгаад Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа Солонгосын ард түмэн, Засгийн газарт эмгэнэл илэрхийлсэн юм. Улсын Их Хурлын дарга М.Энхболд “БНСУ-ын Ерөнхийлөгчийн удирдлага дор Засгийн газар тодорхой арга хэмжээ авч энэ хүнд нөхцөл байдлыг даван туулна гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ. Түүнчлэн улс төрийн өндөр дээд хэмжээний айлчлал тогтмолжиж, парламент хоорондын хамтын ажиллагаа амжилттай өргөжин хөгжиж буйг тэмдэглээд Үндэсний ассамблейн шинээр сонгогдсон даргад баярын цахилгаан утас илгээсний сацуу Монгол Улсад айлчлан ирэхийг урьсан гэв. Айлчлал ойрын үед хэрэгжинэ хэмээн найдаж буйгаа Улсын Их Хурлын дарга М.Энхболд илэрхийлээд “Эрхэм гишүүд та бүхэн  энэ айлчлалыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
 
 
Монгол Улсын эдийн засгийн байдал сүүлийн хоёр жилийн хугацаанд сэргэж, эдийн засгийн өсөлт 6.3 хувьд хүрч, бүтээн байгуулалтын ажил өрнөж байгааг тэрбээр дурдаад “Монгол Улсын импортын тодорхой хувийг БНСУ-ын бараа бүтээгдэхүүний импорт  эзэлж, тогтмол өсөн нэмэгдэж байна. Энэ харилцааг илүү өргөжүүлэх, ямар нэг саад бэрхшээлгүй үргэлжлүүлэхэд хоёр орны парламент анхаарал тавьж ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Саад бэрхшээлгүй эрх зүйн орчныг бүрдүүлж чадвал илүү олон салбар, олон хүнийг хамарсан үр дүнтэй хамтын ажиллагаа, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд өрнөх боломж улам бүр нэмэгдэх юм” гэлээ.
Хоёр улсын орон нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байгааг мөн тэрбээр тэмдэглээд “Би 18 жилийн өмнө Улаанбаатар-Сөүл хотыг эгч дүүгийн харилцаатай болгох баримт бичигт гарын үсэг зурж байсан. Нийслэл хотууд эгч дүү хотын харилцаатай болсноос хойш хоёр орны олон аймаг, муж хамтын ажиллагаа өрнүүлж байгаа. Гишүүн бүр өөрийн сонгогдсон орон нутагтаа Монголын аль нэг аймаг, бүс нутагтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, өргөжүүлэхэд анхаарал тавьж ажиллана гэж найдаж байна. Монгол Улсын Их Хурлын гишүүд ч мөн энэ чиглэлээр ажиллана” гэв.
Зүүн хойт Азийн аюулгүй байдал, энх тайвнаар зэрэгцэн орших, яриа хэлэлцээрийн журмаар асуудлыг шийдвэрлэх байр суурийг Монгол Улс олон жил баримталж ирсэн гэдгийг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд сүүлийн жилүүдэд хоёр Солонгосын харилцаа их дүнтэй болж, тодорхой түвшний яриа хэлэлцээрүүд явагдан, үр дүн гарч байгаад бид баяртай байна гэв.
 
 
Ноён Ким Хаг Юун хүлээн авч уулзаж буйд нь Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд “Өнгөрсөн зургаадугаар сард Монгол Улсын Их Хурал “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд хоёр орны бизнесийн хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцаа илүү өргөжин хөгжих бололцоо бүрдэнэ гэдэгт итгэж байна” гэлээ. Тэрбээр хоёр орны парламентын гишүүд хоорондын нөхөрсөг харилцааг хөгжүүлэх арга хэмжээ үр дүнтэй болж, БНСУ-ын Үндэсний ассамблей, Монгол Улсын Их Хурлын гишүүд цаашид илүү нөхөрсөг харилцаатайгаар хамтран ажиллана гэж найдаж байна. Олон улсын тавцанд ч БНСУ-ыг дэмждэг Монгол Улсын төр засагт талархал илэрхийлье. Цаашид БНСУ-ын зүгээс Монгол Улсыг байнга дэмжиж хамтран ажиллахдаа баяртай байх болно гэж тэмдэглэв.
Уулзалтад БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Кан Хюу Санг, Гвонь Сонг Дунг, Ким Сү Минь, Ким Жонг Жэ, Ким Жунг Хүнь, Ким Тэ Хым, Ким Хёнь Гвонь, На Гёнг Вонь, Сунь Ким Жү, Ём Дунг Ёль, Юүнь Жүнь Ху, Юүнь Жунг Пиль, И Чэ Иг, И Хонь Сын, Жонг Юү Соб, Жонь Жэ Сү, Жонь Хы Гёнг, Жу Бэ Сүг, Хуанг Ёнг Чоль болон Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нар байлцлаа.