sonin.mn
МАН-д саяхныг буюу хоёр дахь шатны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын шөнө хүртэл Монголын хамгийн сайн хүн нь М.Энхболд байлаа. “Намаа УИХ-д үнэмлэхүй ялуулж, 65 суудал авчирсан. Дүн нуруутай, түшиг тулгууртай. Эв эеийг эрхэмлэгч, Жирийн нэг жолоочийнхоо хүртэл гэр бүлд санаа тавьж, уй гашууг нь хуваалцдаг. Өс өвөрлөж, сэлэм эргүүлэх хүн хэзээ ч биш” гээд л...
Тухайн үедээ хэт сагасан, бялуурсан нь илт анзаарагдаж байсан энэ бүх үгс өнөөдөрцаасан дээр мөртэй, бичлэг дээр нэртэй үлджээ. Ярьсан, хэлсэн хүмүүсийг нь түүн үзвэл энгийн ард гэхээс илүүтэй улс төрд дархлагдаж, бэлийн чулууг хамт элээж яваа үе тэнгийнхэн нь, бэрх хүнд нөхцлөөсөө татуулж, улс төрд дөрөөндөө сүү дусаалгасан завсар үеийнхэн, ааг омогтой, адтай сэргэлэн залуу насныхаа хэсэг ч болов хугацааг түүний тухай магтаалын үгэнд сэтгэл харамгүй өгсөн залуус гээд ер нь л наандаж нэг удаа гар барьж үзсэн, цаанадаж улс төрд хамт зүтгэсэн журмын нөхөд нь байсан юм.
Аа, харин одоо бол өөр. Тэд ч, М.Энхболд ч өөрчлөгдчихлөө. Гэхдээ М.Энхболд хэмээх хувь хүн өөрөө өөрчлөгдсөн хэрэг биш. Харин нэр бүхий магтан дуулагчдын гоё сайхан дүгнэлт ээдэрч, үгэн сумыг нисгэх цорын ганц байгаар М.Энхболдыг тодруулсан нь түүнийг өөрчилсөн хэрэг.“Монгопын хамаг хөрөнгийг ганцаараа идсэн. Хотын газрыг зарж баяжсан. Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболдоос өөр хүн нэр дэвшсэн бол МАН ялах байсан. 60 тэрбум төгрөгөөр төрийг наймаалцсан. Луйварчин, хулгайч. Энэ хүнийг унагаж Монгол Улс хөгжинө...”
Тэгэхээр энэ янзаараа түүнийг УИХ-ын даргын албанаас нь удахгүй буюу МАН-ын Их хурлын дараа огцруулж мэднэ. МАН-ын даргын албаа өгнө гэдгээ Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын дараа өөрөө мэдэгдчихсэн тул уг албанд нь хаа очиж санаа зовохгүй байх шиг байна. Гол нь, энэ бүх үйл явдалд М.Энхболдын муу, сайн хүндээ бус гагцхүү МАН-ын нэр бүхий улстөрчид, тэднийг даган хөөрцөглөх замаар эрх ашгаа нэмэх гэсэн залуу үеийнхний хүн чанар, ёс зүй, хүнлэг сэтгэл хааччихав аа хэмээн эрж хайхад хүрэх аж.
 
Харамсалтай нь, тэд Монголыг ирэх он жилүүдэд удирдана. Дарга дагаж нүцгэн шалдан гүйснийхээ хүчинд, нэгээс нөгөө рүү урваж, үнэн худал нь мэдэгдэхгүй хов жив зөөж гүйснийхээ хүчинд тэд нэг удахгүй Монгол төрийн тамгыг атгана. Тэр цагт харин Монгол Улс юу болж хувирах бол. Дараа дараагийн сайн, муу М.Энхболдууд олноороо төрж, өнөөдрийн урвалт шарвалтаа залуу үеэс нэхнэ. Энэ заншил нь уламжлал болон Монголын төрд өвлөгдөнө. Хэр хэрээр “Унасан бөх дээр дэвсэлдэггүй" гэдэг тэр жудаг устан үгүй болж “Эхэлж ургасан чихнээс сүүлд ургасан эвэр урт” хэмээх үгийг батлах мэт Монголын төр жудаггүй улстөрчдийн уур уурхай болон үргэлжилнэ. Ингэж бодохоор М.Энхболдыг муулахгүй, магтахгүй харин одоо байгаа нөхцөл байдлыг нь дүгнэн бичих сэтгэгдэл төрөх аж.
Намтар түүхийг нь сөхөн харах нь ээ,тэрбээр 1990 онд МАН-д элсэж, 1992 оноос намынхаа шат, шатны удирдах байгууллагад ажилласан байдаг. Улмаар 2005 онд МАН-ын даргаар сонгогдож, 2007 онд намынхаа Их хурлын гишүүдийн олонхийн саналаар огцорсон. Тэр үед МАН-ын Их хурлын нэр бүхий лидерүүд М.Энхболдын муу муухайг дуудаж эхэлсэн. Гэхдээ тэрхүү шүүмжлэл нь богино хугацааных байж. Учир нь, 2008-2012 оны парламентын түүхэнд Оюутолгойг урагш нь хөдөлгөлөө, Тавантолгойн орд газрын лиценз бизнес эрхлэгчдийн мэдэлд байсныг төрд шилжүүллээ, МАН гэсэн нэрийг сэргээж, “X" үсгийг намынхаа нэрнээс арчин устгалаа гэх мэт гоё саяхан үгээр өөрийгөө чимсэн МАН-ын удирдлагууд УИХ-ын 2012 оны сонгуульд ялагдал хүлээсэн юм. Харин үүнийхээ дараа тэд Монголоос, МАН-аас зугтсан. Тэд ялагдлынхаа дөрвөн жилийг хилийн чинадад сурах нь суралцаж, эд хөрөнгөө зузаатгах нь зузаатгаж өнгөрүүлсэн. Энэ хугацаанд МАН-ын аппаратын цөөхөн хэдэн ажилчид цалингаа ч авч чадахгүй зүдэрч эхлэхтэй зэрэгцэн М.Энхболдыг 2013 онд МАН-ын даргаар дахин сонгосон. Үр дүнд нь УИХ-ын 2016 оны сонгуульд МАН ялалт байгуулж, М.Энхболдыг бурханчлан шүтэх сайн дурын улс төрд сэтгэл зүрхээ зориулах болсон. “Сайд болмоор байна. Агентлаг удирдмаар байна. Хүүгээ, дүүгээ, хүргэнээ, бэрээ, бэрийнхээ ээж, аавыг ажилд оруулах хэрэгтэй байна” гэх мэтээр МАН-ын байрыг ёстой л гороолж, тойрсон байх. Харин одоо бол тэд М.Энхболдоос гуйх бус М.Энхболдыг нийлж өвдөглөх, хөөх ажилд ханцуй шамлан орцгоосон.
Энэ бол Монголын улс төрийн үнэн төрх. Ардчилсан намын одоогийн дарга С.Эрдэнэ нэгэн цагт намынхаа хатуухан ялагдлын үед бараг ганцаараа Нийслэлийн Ардчилсан намын даргын хувиар Соёлын төв өргөө, Дуурь бүжгийн эрдмийн театрын дунд хавчуулагдсан умгар өрөөнөөс “Тэр том ардчилагчид нь хаа байна” хэмээн хашгирч байсан юм. Тухайн үед хэн ч түүний өөдөөс дуугараагүй. Гэхдээ Ардчилсан нам ялсны дараа бол олонх нь С.Эрдэнийг бас л Монголын муу хүнээр тодруулах уралдаанд гарцгааж байсан нь саяхных. Харин энэ удаад тэр ээлж Ардчилсан намд бус МАН-д, тэр дундаа М.Энхболдод иржээ. Гол нь цаг үе ийм хатуу байж болно. Харин хамтран зүтгэгчид нь, зулайг нь үнэрлэж зогссон ахмадууд нь ядаж хүнээрээ үлдэж болсонгүй юу. Ер нь болохгүй нь уу...
Намгүй, улс төргүй амьдарч ирсэн жирийн иргэд бол харин өөр хэрэг. М.Энхболдыг шүүх, шүүмжлэх эрх тэдэнд, бидэнд нээлттэй. Гагцхүү улстөрчдийн урвалт Монголын урвалт болж хувираад байгаа нь өөрөө жудаг, ёс зүй алсран одсоныг батлах ажээ. Иймд М.Энхболдыг шүүмжлэх эрхийг ард түмнээс битгий булаа, МАН-ынхан. Тэд бол цэвэр харин та нар бол аль хэдийнэ бохирдчихсон шүү дээ. Харин ёс зүйн доройтлыг тань угааж, арчих эрх ард түмэнд байхгүй нь харамсалтай. Тэгээд ч М.Энхболдыг муучлагсад маргааш таныг, чамайг эрх мэдлийн төлөө шүүнэ гэдгийг битгий мартаарай. Энэ бол та нарын зохиосон дүрэм юм. Товчхондоо, М.Энхболдыг гутаагсад М.Энхболдоосоо ч муухай харагдахын хэрээр муу, муухай болох цаг үе та нарын өмнө ойрхон л байгаа даа.
 
Г.Энхлэн 
Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин