sonin.mn
ЖЕНЕВ. /NHK/. АНУ-ын завсрын сонгуульд хөндлөнгөөс оролцохгүй байхыг ОХУ-д анхаарууллаа гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон мэдэгдлээ.
Тэрбээр өчигдөр Женев хотноо ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушевтэй уулзсаныхаа дараа хэвлэлийн бага хурал хийсэн байна. Долдугаар сард Хельсинки хотод болсон АНУ, ОХУ-ын дээд хэмжээний уулзалтаас хойших тус хоёр улсын анхны өндөр түвшний уулзалт энэ болж байна.
Зэвсгийн үйлдвэрлэлийг бууруулах, Сирийн нөхцөл байдал гээд хэд хэдэн асуудлаар бид хэлэлцээ хийсэн гэж тэрбээр мэдэгдэв.
2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх хэрэгт Д.Трампын Засаг захиргаа хайнга хандаж байна гэж олон нийт Д.Трампыг шүүмжилж байгаа билээ. Тэгвэл Ж.Болтоны ОХУ-д өгсөн анхааруулга нь Д.Трампын Засаг захиргаа энэ асуудалд хатуу байр суурьтай хандаж байгаа гэдгийг харуулах гэсэн оролдлого гэж үзэж болох юм.
Харин Николай Патрушев мэдэгдэл хийхдээ, 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх асуудлыг уг мэдэгдэлд оруулахыг Ж.Болтон шаардсан учраас бид хамтарсан мэдэгдэл батлаагүй гэж хэлсэн байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг