sonin.mn
Парламентын нэг гишүүн бүрэн эрхээсээ татгалзсан учраас  Д.Гантулгыг сонгосон 12 мянган иргэн төрд төлөөлөлгүй болж үлдсэн юм. Тиймээс УИХ-ын 42 дугаар тойргийн иргэдийн төрд дуу хойлойгоо хүргэх эрхийг нь хангахын тулд УИХ-ын 62 дугаар тогтоол баталж  нөхөн сонгууль явуулахаар болсон. Нөхөн сонгуулийн товыг ирэх аравдугаар сарын 7-нд тогтож, зарцуулах хөрөнгийг төсөвлөж, СЕХ ч намуудын материалыг бүртгэх зэргээр чамгүй их бэлтгэл ажил болов. Энэ бүхэнд УИХ, СЕХ, улс төрийн намууд ч багагүй цаг хугацаа зарцуулж баахан бичиг цаас болсон нь мэдээж.  Гэвч эцсийн мөчид эрх нь зөрчигдлөө гэх гурван иргэний гомдлоор Үндсэн хуулийн цэц нөхөн сонгуулийг хойшлуулж орхилоо. Нөхөн сонгуулийн хувь заяа, олон мянган сонгогчдын итгэл найдварыг атгаж суусан цэц “Хэнтий аймаг дахь сонгуулийн 42 дугаар тойрогт  нөхөн сонгууль зарлах тухай УИХ-ын тогтоол нь  төрийн албанд  ажиллаж буй иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлах, тэгш бус байдлыг үүсгэхээр байна. Иймд УИХ-ын тогтоолыг түдгэлзүүлэв”  гэсэн шийдвэрийг гаргасан юм.
Үнэндээ төрд төлөөлөлтэй болох гэж хүлээгээд байсан 42 дугаар тойргийн 12 мянган иргэний эрх ашиг улс төрчдийн гарт юу ч үгүй болж замхарсан гэж болохоор. Учир нь нөхөн сонгуулийн чимээнээр улс төрийн хүрээнд нэлээд эрт яригдсан нэг зүйл бол УИХ, Сонгуулийн ерөнхий хороо, Үндсэн хуулийн цэц гурав нийлж байгаад нөхөн сонгуулийг хойшлуулах гэсэн яриа байв. Олны нүдэн дээр УИХ, Сонгуулийн ерөнхий хороо нөхөн сонгууль хийх мэтээр дүр эсгэсэн ч алсдаа ямар санаа, бодлого, төлөвлөгөөтэй байсан нь өнгөрсөн лхагва гаригт болсон цэцийн шийдвэрээс тов тодорхой харагдсан гэдгийг олон нийт дүгнэж, эсэргүүцэж байгаа юм. Тухайлбал, МАХН-ын Бага чуулганы  гишүүн,  гавьяат хуульч Ц.Шаравдорж  “Уг нь нөхөн сонгууль явуулах нь УИХ-ын тогтоол Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг, нөгөө талаас сонгогч түмэн төрд  өөрсдийн төлөөллийг хадгалах  боломжийг хангах чухал тогтоол байсан. Тус тойрог эртнээс хэл амтай, төр дэх төлөөллийн ирцийн чадавхи  эргэлзээтэй  явж ирсэн.  Гэтэл болж буй үйл явцаас дүгнэхэд эрх баригчид үнэхээр  тухайн тойргийн сонгогчдын эрх ашгийг хүндэтгэж, төр дэх төлөөллийг хангахыг хүссэн үү гэвэл, үгүй  бололтой. Харин ч эсрэгээрээ тэнд нөхөн сонгууль явуулах  дургүй байна гэж харж байна. Өөрөөр дүгнэх арга алга. Ер нь бол МАХН-ыг сонгуульд оруулахгүй гэж хэсэг бужигнасан. Лидерийг нь сонгуульд оруулахгүй гэж үл ялих шалтгаан хайж  байсан. Одоо бүр байчихаад Үндсэн хуулийн цэцээр дамжуулан  төрийн сонгуулийг хойш нь чангааж  хүртэл арга саам  хайж байна шүү дээ” гэсэн байр суурийг илэрхийллээ.
 
БҮХ ШАТНЫ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНД МЭРГЭЖЛИЙН АТТЕСТАТЧИЛАЛ ЯВУУЛНА
 
Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга нарын олныг цочирдуулсан үйлдлээс үүдэж  төрийн албан хаагчдын ёсзүй, сахилга хариуцлагын асуудал сөхөгдөж эхлэв. ЗГХЭГ-аас яам, агентлаг, НЗДТГ, төрийн тусгай хамгаалалттай байгууллагуудыг нэгжиж хамгийн эхний ээлжинд арын өрөө, шүүгээндээ хадгалж байсан согтууруулах ундааг хураасан бол өнгөрсөн долоо хоногт бүх шатны төрийн албан хаагчдын дунд мэргэжлийн аттестатчилал явуулах шийдвэрээр үргэлжлэв.
Албан ёсны мэдээллээс харвал тусгай хамгаалалттай төрийн захиргааны 18 байрны 1139 өрөөнөөс 830-д үзлэг хийхэд архи согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн 115 ширхэг, 11 ширхэг шатамхай бодис, 21 ширхэг согтууруулах ундааны шил сав, Монголбанкны Эрдэнэсийн сангийн байрнаас 36 ширхэг согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүн илэрснийг гаргаж хаясан гэж мэдээлсэн.
Мөн иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэдэггүй, илүү хүн авч ажиллуулдаг, томилолтын зардлаа тайлагнадаггүй зэрэг багагүй зөрчил илэрсэн учраас төрийн албан хаагчдад хатуу сануулга өгсөн юм. Хамгийн сүүлд ЗГХЭГ-ын албан хаагчдын өрөөнд үзлэг хийж төрийн гурван өндөрлөгөөс бусад бүх хүмүүсийн Төрийн ордон руу нэвтрэх шалгалтыг чангатгасан бол ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар НЗДТГ-т ажиллахдаа “Энэ онд багтаан нийслэлийн бүх шатны төрийн албан хаагчдын дунд мэргэжлийн аттестатчилал явуулна” гэж мэдэгдэв.
 
ИХ ХУРЛЫН ДАРГА 60 ТЭРБУМЫН ГЭХ ХЭРЭГТ УУЧЛАЛТ ХҮССЭН ҮҮ
 
Төрийн албыг 60 тэрбумаар наймаалцах талаар ярьсан гэх МАН-ын дарга нартай холбоотой асуудал сөхөгдөөд гурван жил болсон ч сүүлийн үед эрчээ авч эхлэв. Ярианы бичлэгийг анх өрсөлдөгч намууд нь байн байн гаргаж ирдэг байсан бол сүүлийн үед МАН-ын гишүүд  ч шахаж шаардах боллоо. МАН-аас УИХ-д сонгогдсон Л.Оюун-Эрдэнэ болон МАН-ын Хяналтын хорооноос УИХ-ын дарга  М.Энхболд, Нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуй, зөвлөх А.Ганбаатар нарт ёсзүйн хариуцлага тооцох тогтоол гаргасан талаараа мэдээлсэн. Эрх баригч нам болон хууль хяналтын байгууллагаас 60 тэрбумын яриаг баталж хэрэг үүсгээгүй ч УИХ-ын дарга М.Энхболд дээрх хэрэгт нэр холбогдсондоо харамссан бичгийг Л.Оюун-Эрдэнэд явуулсан нь олны анхаарлыг татаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ гишүүний хэлсэнчлэн үнэхээр М.Энхболд дарга 60 тэрбумын хэрэгт холбогдсоноо хүлээн зөвшөөрч уучлал гуйсан уу гэх асуулт хариулт нэхэн үлдлээ. Түүнчлэн хэрэгсэхгүй болгосон 60 тэрбумын хэргийг хууль хяналтын байгууллагаас сэргээн шалгаж эхэлсэн нь олны анхаарлын төвд байна.
 
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИН 80-180 МЯНГААР НЭМЭГДЛЭЭ
 
Засгийн газраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгож, төрийн албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэгдүүлсэн юм. Ийнхүү нэг хэсгийнх нь цалин 80-180 мянган төгрөгөөр нэмэгдсэн ч дагаад өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгддэг жишээ давтагдаж эхлэв. Мөн энэ удаагийн цалингийн нэмэгдлийг МҮЭХ хүлээн зөвшөөрөхгүй багш нар ажил хаялт зарлана гэсэн байр суурь илэрхийлсээр байгаа юм.
Ирэх оны 1-нээс олгох цалингийн нэмэгдлийн талаар Хөдөлмөр Нийгмийн хамгааллын Сайд С.Чинзориг “Эхний ээлжинд бага цалинтай төрийн албан хаагчдын цалин есдүгээр сарын 1-нээс найман хувиар нэмэгдэхээр боллоо.
Бага ангийн болон цэцэрлэгийн багш нарын ажлын байрны зэрэглэлийг нэг шат, сувилагч нарын ажлын байрны зэрэглэлийг 1-2 шат ахиулах шийдвэр гаргалаа. Ингэснээр есдүгээр сарын 1-нээс эхлэн бага ангийн болон цэцэрлэгийн багшийн цалин 12.3 хувиар, сувилагч нарын цалин 20-30 хувиар нэмэгдэх боломжтой болж байна. Соёл урлагийн салбарт ажиллагсдын цалин төрийн албанд ажиллагсдын дундаж цалингаас 12.5 хувиар доогуур явж ирсэн. Тиймээс зарим арга хэмжээг авсны үндсэн дээр энэ салбарт ажиллагсдын цалин 14-30 хувиар нэмэгдэх болж байгаа” гэсэн юм.
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин