Хичээлийн шинэ жил ирэх бямба гарагт эхлэх гэж байгаатай холбогдуулан БСШУСЯ-наас цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Энэ хичээлийн жилд сурагч бурийн сургалтын чанарт ахиц гаргах зорилт тавьж буйг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа мэдээллийн эхэнд онцлов. Мөн 2018-2019 оны хичээлийн жил нь хүүхдийн амьдарч сурах орчинг бүх талаар бүрдүүлсэн хүүхдийн төлөвшил хүмүүжил, иргэншүүлэх суурь үндэс-хөгжлийн төв байх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх жил болж буйг онцлоод, хичээлийн жилийн бэлтгэл ажпын талаар танилцууллаа.
Тэрбээр Бид хичээлийн шинэ жилийн өмнө яам, дүүргийн удирдлага, ажилтнуудыг сургууль, цэцэрлэгийн байрны засвар тохижилт, аюулгүй, эрүүл ахуйн орчин бүрдсэн эсэхэд хяналт тавьж шалгалт хийх тодорхой хугацааны үүрэг даалгавар өгсөн. Багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхийн төлөөллийг оролцуулсан улсын зөвлөгөөнийг хоёр удаа зохион байгуулж боловсролын чанарын асуудлаар ярилцлага өрнүүлсэн. Засгийн газраас багш нарын цалинг найм, бага ангийн багш, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн багш нарын цалинг 8-15 хувиар нэмж, цаашид 2019- 2020 онд шат дараалан нэмэх шийдвэр гаргаад байна. Цалин нэмэх багш нарын шаардлагыг эхний ээлжид биелүүлсэн. Энэ жил нийт 1435 цэцэрлэг, 814 сургууль үйл ажиллагаа явуулахаас төрийн өмчийн цэцэрлэг 25, хувийн цэцэрлэг найм, сургуулийн тоог 16-гаар нэмсэн. Гэвч сургууль, цэцэрлэгийн хүүхдийн тоо ессөөр байна. Жишээ нь, өнгөрсөн жилтэй харьцуулахад ерөнхий боловсролын сургуульд суралцах хүүхдийн тоо энэ жил 2.4 мянгаар, нэгдүгээр ангид орох хүүхдийн тоо 8.2 мянгаар нэмэгдэж байна. Багшийн хөгжлийг дэмжих тухай болон ерөнхий боловсролын салбарт хэд хэдэн дүрэм, журам мөрдөж эхэлж байгаагаас сурагчдын мэдлэг, чадвар, хандлагыг үнэлэх журмыг шинэчилж тухайн хүүхдийн ахиц, өөрчлөлтийг харгалзан найман төвшнөөр үнэлэх системд шилжүүлж байна. Энэ жилээс ерөнхий боловсролын сургуулиудад эрүүл мэндийн хичээл, аюулгүй амьдрах арга ухааны чиглэлээр сургалтын агуулгыг шинээр оруулж эхэлнэ" гэв. Дээрх мэдээллийг өгсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хэрхэн хариулсныг хүргэе.
 
-Засгийн газраас хөрөнгийг нь шийдвэрлэсэн хэрнээ барьж эхлүүлээгүй хэчнээн сургууль, цэцэрлэг байгаа вэ. Ямар шалтгаанаар ажил нь удаашраад байна вэ?
 
-Есдүгээр сарын 1-нд орон нутагт гурван сургууль, нийслэлд есөн цэцэрлэгийг ашиглалтад оруулж байна. Гурван ээлжээр хичээллэж байгаа 27 сургуулийн өргөтгөлийг он дамжин хийж байгаа учир ирэх жил ашглалтад оруулна. Үүнд 500-800 сая төгрөгийн хөрөнгө баталсан. Тиймээс тендер сонгон шалгаруулалтын ажлыг явуулж байна. Ирэх хичээлийн жилд 27 сургуулийн өргөтгөл, 142 цэцэрлэгийг ашиглалтад оруулбал бидний зорилт 100 хувь биелнэ гэсэн үг. Ирэх жилээс хүүхэд бүрийг цэцэрлэгээр хангаж чадна. Хүүхдээ цэцэрлэгт өгөх гэж сугалаанд оролцох бус цэцэрлэгүүд хүүхдээ цэцэрлэгт авчирч өгөөч гэж гуйх хэмжээнд хүрнэ. Өнгөрсөн хавар хичээл тарахад нийслэлийн Боловсролын газрын даргад уүрэг өгч, шинээр барихаар нурааж байгаа сургуулийн сурагчдыг хаана тарааж түр сургах талд төлөвлөгөө гаргаж хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг хангасан. Тиймээс БСШУСЯ-наас шалтгаалан хийгээгүй үлдсэн ажил байхгүй.
 
-"Нарны хороолол"-ын сургууль, цэцэрлэгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Хөрөнгө, мөнгөө тохирсон уу?
 
-Засгийн газрын хуралдаанаар "Нарны хороолол"-д барьсан сургууль, цэцэрлэгийн цогцолборыг худалдан авч, тус хорооллын 5000 гаруй хүүхдийг хамруулах шийдвэрийг гаргасан. Үүний дагуу сургуулийн захирлыг хуулийн хүрээнд томилоод хүүхдүүдээ бүртгэж эхэлсэн. Одоогийн байдлаар 1200 хүүхэд бүртгүүлсэн байна. Харамсалтай нь, өнгөрсөн бямба гарагт цогцолборыг барьсан компанийнхан сургууль, цэцэрлэгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх шаардлага тавьж хаалга үүд барьсан асуудал гарсан. Тэд хэдийгээр хичээл эхлэх гэж байгааг ойлгож байгаа ч хөрөнгийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсний дараа асуудлыг үргэлжлүүлэхийг шаардсан. Сангийн яам, БСШУСЯ, Барилга хөгжлийн төвийн хамтарсан ажлын хэсгийг гурван удаа байгуулан үнэлгээг тогтоохоор ажиллаж байна. Компанийн зүгээс анх 21.2 тэрбум төгрөг санал болгосон. Энэ нь хэт өндөр үнэлгээ байсан учир ажлын хэсэг 17.8 тэрбум болгож буулгасан. Засгийн газраас энэ дүнг өндөр байна гэсэн учир дахин бууруулах талаар үргэлжлүүлэн ажиллаж байна. Тиймээс өнөө, маргаашийн дотор эцсийн байдлаар үнэлгээг тохирч Засгийн газрын энэ долоо хоногийн хурлаар сургуулийн хөрөнгийг шийдвэрлүүлэхээр ажиллана. Ингэж чадвал энэ хичээлийн жилд хоёр ээлждээ 2000 орчим хүүхэд хүлээн авах хүчин чадалтай сургууль, 280 хүүхдийн цэцэрлэг ирэх сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлүүлнэ.
 
-Их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмсэнтэй холбогдуулан эцэг, эх, оюутнууд жагсч байна. Үүнд яамны зүгээс хэрхэн анхаарал хандуулж байна вэ?
 
-Их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмсэнтэй холбоотой МУИС-ийн оюутнууд жагсч, төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцсэн. Энэ үеэр ёс зүйгүй үйлдэл гаргасан багшид ёс зүйн хариуцлага тооцох үүргийг миний зүгээс өгсөн тайлбарыг өгсөн. МУИС-аас түүнд ямар хариуцлага тооцсоныг эргэж мэдэгдэнэ. Сургалтын төлбөрийн асуудал шууд сайдын эрх мэдлийн хүрээнд хамаардаггүй. Сургуулиудын ТУЗ нь багш нарын цалин, сургалтын төлбөрийн асуудлаа шийдээд явдаг. Яамны зүгээс иргэдийн орлого бодитой нэмэгдээгүй учир төлбөрөө нэмэхдээ аль болох сайн судалгаатай, эцэг, эхийн төлөөлөл зэрэг бүх талын зөвшилцлийн үр дүнд сургалтын төлбөрөө нэмэх шийдвэрийг гаргах чиглэл өгсөн. Их, дээд сургуулийн удирдлагууд төлбөр нэмсэн шалтгаанаа "Багш нарынхаа цалинг сүүлийн 3-4 жил нэмээгүй. Ерөнхий боловсролын сургуулийн цалинг нэмсэн учир бид багш нарынхаа цалинг нэмэх шаардлагатай байгаагаас сургалтын төлбөрөө нэмсэн" гэх тайлбарыг өгсөн.
 
-Сургуулиудын сургалтын төлбөрт яам хяналт тавих эрхгүй ч сургалтын чанар, стандартад хяналт тавих боломжтой биз дээ?
 
-Иргэдийн зүгээс их, дээд сургуулийн сургалтын чанарыг сайжруулах, тоог нь цөөлөх шаардлагыг тавьж байгаа. Энэ чиглэлд яамны зүгээс магадлан итгэмжлэлийнхээ чанарыг сайжруулах шаардлага тавиад магадлан итгэмжлэхгүй байгааг нь үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авч байна. Гэтэл "Олон жил хэвийн үйл ажиллагаа явуулж ирсэн сургуулийг та ирээд хаачихгүй шүү" гэсэн эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Үүний хариуд "Магадлан итгэмжпэлээ хийлгэ, сургалтын чанар, оюутны сурах орчинг сайжруул" гэсэн шаардлагыг тавьж байна. Үүний хүрээнд өнгөрсөн хичээлийн жил 18 сургуульд хяналт шинжилгээ хийж таван сургуулийг нэгтгэж, тавынх нь үйл ажиллагааг зогсоосон. Энэ шаардлагын дагуу их, дээд сургуулийн тоог цөөлөх бодлого хэрэгжүүлнэ. Их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмж байгаа бол цаана нь ямар чанартай үйлчилгээ нэмэх гэж байгаа, багш нар ямар арга барилаар ажиллах юм, төгсөгчид ажлын байртай болж чадаж байгаа эсэхэд чанарын үзүүлэлт тавьж ажиллаж байна. 
 
-Хүүхэд харах үйлчилгээнд хэчнээн төгрөг зарцуулав. Хэчнээн хүүхэд энэ жил хамрагдах вэ?
 
-Хүүхэд харах үйлчилгээнд 6.5 тэрбум төгрөгийг энэ оны төсөвт суулгасан. 4500-4700 хүүхдийг уг үйлчилгээнд хамруулж байна. Энэ үйлчилгээнд ихэвчлэн нийслэлийн захын хороолол болон орон нутагт ажиллаж амьдардаг иргэд хамрагддаг. Хүухэд харах үйлчилгээ хүүхдэд өдөрт хоол өгч, харах байдлаар явж байна. Гэтэл тодорхой мөнгө төлөөд хүүхдээ харуулж байгаа юм чинь цэцэрлэгийн жишгээр хүүхдийг хөгжүүлэх ажил хийдэг баймаар байна. Үнэхээр ажиллуулах гэж байгаа бол зардлыг нь нэмээд бусад цэцэрлэг шиг стандарт тавих юм уу, мэргэжлийн бус хүнээр хүүхдээ харуулаад байх уу гэдэгт манай салбар дуугарахаас өөр аргагүй.
 
-Таныг салбартаа халаа сэлгээ хийдэг талаар яриад байна. Үүнд тайлбар өгнө үү?
 
-Өнөөдрийн хэрэгжүүлж байгаа хуулиар БСШУС-ын сайд ерөнхий боловсролын сургуулийн захирлыг халж, солих эрхгүй. Хотын дарга томилж, чөлөөлдөг. Харин лаборатори сургуулиуд миний эрхэд хамаардаг. Эдгээрээс би нэг ч сургуулийн захирлыг чөлөөлөөгүй. Харин тусгай 29 дүгээр сургуулийн захиралтай шүүхийн асуудалтай байгаа.
 
-АШУҮИС-ийн захирлыг үндэслэлгүй халсан гэсэн шүүмжлэл гарсан. Ямар шалтгаанаар сольсон бэ?
 
-Япон-Монголын хамтарсан эмнэлгийн барилгыг хоёр сарын дараа ажиглалтад оруулахаар ажиллаж байна. Японы өндөр ур чадвартай доктор, профессор тэнд ажиллаад эмнэлгийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж суурилуулаад өгсөн. Гэтэл тэнд ажиллах ёстой эмч мэргэжилтэнг хоёр жилийн хугацаанд бэлтгэх эрхийг АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарт өгсөн ч түүний явуулсан хүмүүс нь тус эмнэлэгт ажиллахгүй гээд сууж байна. Сайн судлаад үзэхэд тэдгээр нь Г.Батбаатарын таньдаг хүмүүс байсан. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын талд маш их санхуугийн зөрчил гарсныг баримтаар нотолсон. Тухайлбал, тендер шалгаруулаагүй, ажлыг графикийн дагуу явуулаагүй, банкны баримтыг хүртэл хуурамчаар үйлдэж өгсөн хүнтэй хариуцлага тооцсон. Тиймээс Эрүүл мэндийн яамны дэд сайдаар ажиллаж байсан, эмэгтэй хүн учир асуудалд нарийн ажиллаж чадна гэж АШУҮИС-ийн захирлаар Ж.Цолмонг томилсон.
 
-Хүүхдээ цэцэрлэг сургуульд оруулахад авлига өгч байгаа нь ил боллоо. Үүнд салбарын яамнаас ямар бодлого барьж байна вэ?
 
 -Хүүхдээ мөнгө төлж цэцэрлэг, сургуульд оруулсан баримт үнэхээр байгаа бол яаманд хандах хэрэгтэй. Би багш нарыг авлига авдаг гэж бодохгүй байна. Дундаас нь ашиг олох гэсэн хүмүүс байгаа бол бид багш нарынхаа нэр хүнд, салбарынхаа нэр хүндийг хамгаалмаар байна.
 
-Замын хөдөлгөөний ачааллаас болоод сургуулиудын хичээлийн цагийг өөрчилнө гэсэн мэдээлэл байна?
 
-Есдүгээр сарын 1-ний өглөө усархаг бороотой байна гэсэн цаг агаарын мэдээлэл ируүлсэн. Тиймээс хичээлийн шинэ жилийн нээлтийг есдүгээр сарын 1-ний 14.00 цаг болгож хойшлуулах шийдвэр гаргаж, өнөөдөр сургуулийн удирдлагуудад хүргүүлсэн. Есдүгээр сарын 1-нд хичээл орохгүй, хичээлийн шинэ жилийн нээлт буюу эрдмийн баяр болно. Есдүгээр сарын 3-нд хичээл цагтаа орно. Харин их, дээд сургуулиудын хичээлийн цагт өөрчлөлт оруулж замын хөдөлгөөний нягтралыг бууруулъя гэсэн санал авч байна. Есдугээр сарын 1-нээс өмнө шийдвэр гаргавал олон нийтэд мэдэгдэнэ.
 
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН ТӨЛБӨР 10-15 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ
 
Их, дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан төлбөрийн нэмэгдлийн талаар мэдээлэл өгөв. Төрийн өмчийн 17 их, дээд сургуулиас төрөөс зардлыг нь даадаг БХИС, ХСИС болон Монгол-Германы хамтарсан технологийн сургууль, Төмөр замын дээд сургууль, Дорнодын их сургууль төлбөрөө нэмээгүй байна. Үлдсэн нь сургалтын төлбөрөө 10-15.6 хувиар нэмжээ. Тухайлбал, ШУТИС сургалтын төлбөрөө нэг кредит нь 62000-71700 төгрөгөөр нэмсэн байна. МУИС сургалтын төлбөрөө нэмэхдээ хичээлийн төлбөрөөс хамааруулан ялгавартай нэмсэн байна. Суурь хичээлийн төлбөр нэг, дунд төвшин буюу түүнээс дээш гэсэн ялгаатай нэмжээ. Оюутны дотуур байрны хувьд төлбөрийг нэмээгүй бөгөөд 400 мянгаас 1.1 сая төгрөгийн үнэтэй байгаа аж. Өнгөрсөн онд 14700 орчим оюутан дотуур байранд суусан байна. Энэжил 155 мянган оюутан их, дээд сургуульд шинээр элссэн бөгөөд байранд хамрагдаж байгаа оюутны тоо 20 хувьд хүрэхгүй байгааг
тэрбээр хэллээ.
 
М.Энхцэцэг