sonin.mn
Нийслэлийн МАН-ын даргын суудал эзгүйрээд удаж байна. Гэхдээ хоосон гэж харагдахгүй байгаа юм. Ц.Сандуй  ажлаа хүлээлгэж  өгснөөс хойш түүний орыг Су.Батболд залгуулж авсан. Хотын даргын албатай  хоршуулан тун чадварлаг удирдаж байгаа нь тэр суудлыг  хоосон гэж харагдуулахгүй байгаа юм. Хэдий тийм ч нийслэлийн МАН-ын фронтыг удирдах  гэсэн  горилогчдын марафон алга болчихоогүй.  Янз бүрийн нэр дуулдсан. Тэрний хүн болох гэнэ, энэ ч зүтгэж байна гэсэн мэдээлэл салаагүй. Даргад тэнцэхгүй хүнийг оруулж ирэхээр саналаа хайрцаглаж байна гэсэн яриа ч гарсан. УИХ дахь гишүүд нь ч энэ суудалд  өөрийн хүнээ тавихаар санаа тавьж эхэлсэн  гэлцдэг. Одоо ч ярьж л байна. Тэр бүү хэл, нийслэлийн МАН-ын хорооны даргыг сонгох  хурал хүртэл  товлогдож байсан удаатай. Өнгөрсөн зурга­дугаар сарын 7-нд хурал товлосон ч хойшилсон.  Тэгвэл МАН-ынхан энэ хүртэл сунжирч ирсэн  асуудлаа нэгмөр шийдсэн гэнэ.  Су.Батболдоос өөр сонголт байхгүй гэдэгт  Ардын намын нөлөө бүхий улстөрчид санал нийлсэн  юм байх. Тухайлбал, Ц.Нямдоржоос өгсүүлээд   нам дотроо  иймэрхүү байр суурийг  илэрхийлж байжээ. Үүн дээр  “нэгэнт тэн­­дээс энд хүртэл намаа авч ирсэн учир  2020 он хүртэл түүнд даат­гая”  гэсэн  доод шатны гишүүдийнх нь үг яриа жин дарсан бололтой.  Намын нөлөө бүхий гишүүд  ийнхүү Су.Батболдыг дэмжинэ гэдэг  нь МАН-ын Удир­дах зөвлөл дээр “Ногоон гэрэл” асч байна гэсэн үг юм. Учир нь  нийслэлийн намын даргыг МАН-ын Удирдах зөвлөлөөс сонгож, нэрийг нь дэвшүүлдэг. Нам босоо тогтолцоотой учраас  Удирдах зөвлөлөөс хэнийг нэр дэвшүүлнэ, түүнийг Бага хурлын төлөөлөгчид нь  сонгодог, ийм л  уламжлалтай.
 
Өмнөх дарга Ц.Сандуйгийн хувьд  2016 оны нийслэлийн сонгуульд, хотод өчнөөн юм хийсэн Э.Бат-Үүл багийг сөхрүүлж, намаа ялалтад хүргэсэн нэгэн.  Дараа нь “60 тэрбумын хэрэг”  босч ирэхэд хариуц­лага хүлээе хэмээн  ажлаа өгч  “гал унтраасан” . Тэгсэн хэдий ч АТГ-аас уг хэргийг сэр­гээн дахин шалгаж эх­лээд байгаа. Гэхдээ түү­нийг санагалзсан хэсэг нийслэлийн МАН-д одоо ч бий. Тэд Ц.Сандуйн оронд  Су.Батболдыг дэмжээд явахад болохгүй юм үгүй. Учир нь Ц.Сандуй, Су.Батболд хоёр гар нийлж явсан хамт­раг­чид. Энэ ч утгаар нь МАН-ынхан  Нийс­лэлийн намын хороог  түүнд даатгасан  хэрэг.  Өөрөөр хэлбэл, түүнийг 2020 оны сонгуульд ялалт байгуулж чадна гэж үзсэнийх юм. Ирэх сарын 21-нд товлогдсон Нийс­лэлийн  МАН-ын хорооны даргын сон­гуулийн хар зураг ийнхүү аль эрт гарсан байна. Гишүүд нь гараа ярсхийтэл өргөх л үлдэж. Харин тэр намаа 2020 оны сонгуульд ялуулж, суудлаа дархалж  чадах болов уу.
 
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин