sonin.mn
ВАШИНГТОН. /ВВС/. Интернэт болон олон нийтийн сүлжээний компаниуд улс төр лүү хэвийсэн, цензургүй үзэл суртал гаргаж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп буруушаагаад, “Google”, “Twitter”, “Facebook” компанид хандан болгоомжтой алхах хэрэгтэй гэж анхааруулсан байна.
Тэрбээр өөрийн твиттер хуудсаараа жиргэхдээ, “Google”-ээс “Трампын мэдээ мэдээлэл” гэж хайхад дандаа сөрөг мэдээллүүд гарч ирж байна гэж мэдэгдсэн байна.
Харин “Google” компани энэ талаар тайлбар хийхдээ, манай хайлтын системд улс төрийн асуудал болоод улс төр лүү хэвийсэн үзэл суртал байхгүй гэж мэдэгджээ.
“Google” компани маш олон хүний давуу талыг овжин байдлаар ашиглаж байна. Энэ бол маш ноцтой хэрэг юм" гэж Д.Трамп Цагаан ордонд цугласан сэтгүүлч нарт мэдэгдээд, “Twitter”, “Facebook” компанитай холбоотой хэдэн мянган гомдол ирж байгаа учраас эдгээр компани болгоомжтой байсан нь дээр шүү гэж анхааруулсан байна. Мөн тэрбээр, эдгээр компани асуудал ихтэй газар нутагт алхаж байгаа гэдгээ санах хэрэгтэй гэж мэдэгдэв.
Тэрбээр уг асуудалд ямар арга хэмжээ авах талаар дурдаагүй ажээ.
Гэсэн хэдий ч түүний эдийн засгийн зөвлөх Ларри Кадлоугоос “Google” компанийн асуудлаар тодруулга авахад тэрбээр, Д.Трампын Засаг захиргаа энэ асуудалд ямар нэг зохицуулалт хийх талаар хэлэлцэж байгаа бөгөөд хяналт шалгалтын ажиллагаа явуулна гэж хариулжээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг