ТЕГЕРАН. /NHK/. Сири дэх цэргийн оролцоогоо хадгалж, үлдэх зорилгоор тус улстай цэргийн хамтын ажиллагааны гэрээ байгууллаа гэж Иран мэдэгдэв.
Ираны Батлан хамгаалахын сайд Амир Хатами энэ долоо хоногийн эхээр Дамаскт айлчилсан байна.
Ираны Хувьсгалт гвардын албан хаагчдыг цэргийн зөвлөхийн үүрэг гүйцэтгүүлэхээр Сири рүү илгээж, тус улсын цэргийн байгууламжийг сэргээн босгоход тусламж үзүүлнэ гэж Ираны Засгийн газар мэдэгдлээ.
Иран нь Сирийн Ерөнхийлөгч Башар аль Асадыг дэмждэг билээ.
Иран энэхүү гэрээг байгуулснаараа Сирийн иргэний дайн дууссаны дараа тус улсад нөлөөгөө хадгалж үлдэх зорилготой байна гэж шинжээчид үзжээ. Гэвч энэхүү гэрээ нь АНУ болон Израилийн шүүмжлэлийг дагуулаад байна. Тус хоёр орон Ираны цэргийг Сириэс гаргах зорилготой байгаа юм.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг