sonin.mn
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Төвбанк ирэх гурван жилд инфляцийг 8 хувьд тогтворжуулна гэсэн зорилттой Мөнгөний бодлогыг хэрэгжүүлж байгаа. Тэгвэл энэ сард нийслэлд   инфляци 8.8 хувьтай, улсын хэмжээнд найман хувьтай гарчээ.
Хэдийгээр Төвбанкнаас зарласан зорилтот түвшинд байгаа хэдий ч цаашид өргөн хэрэглээний барааны үнэ өсөх вий гэсэн болгоомжлол нийгэмд байна. Инфляцийн үзүүлэлт улирлын болоод нийлүүлэлтийн хэд, хэдэн хүчин зүйлсээс болж өссөн гэдгийг Монголбанкнаас өнөөдөр мэдээллээ.
Инфляци өсөлттэй гарсныг тэд өнгөрсөн жил ургац 40-50 хувиар алдсанаас болж хүнсний ногооны үнийн өсөлт хэвээр үргэлжилсэнтэй холбон тайлбарлаж байна. Мөн махны үнэ хэрэглээний үнийн индексийн 0.9 хувийг бүрдүүлжээ. Зургадугаар сараас 11 дүгээр сар хүртэл буурдаг бол энэ жилийн хувьд махны үнэ буусангүй. Ийнхүү нийлүүлэлт болоод улирлын чанартай холбоотой үнийн өөрчлөлт инфляцийг өсгөжээ. Улмаар эдийн засгийн идэвхжилтэй холбоотойгоор нийлүүлэлтийн шинж чанартай инфляци тэлэх төлөвтэй байна. Түүнчлэн дэлхийн нефтийн үнэ дотоодын шатахууны үнэд нөлөөлж байгаа аж. ОХУ-д ч шатахууны үнэ  өсөх хандлага ажиглагдаж байгааг дурдлаа.
 
БАНКУУДАД 510 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НЭМЭЛТ ӨӨРИЙН ХӨРӨНГӨ ШААРДЛАГАТАЙ
 
ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдсантай холбоотой 2018 онд банкны салбарт активын чанарын үнэлгээг хийсэн.
Тус шалгалтын дүгнэлтээр арилжааны банкуудад 510 тэрбум орчим төгрөгийн нэмэлт өөрийн хөрөнгө шаардлагатай болохыг тогтоож улмаар банкуудад энэ  онд багтаан дээрх дутагдлыг нөхөх чиглэл өгсөн.
Тэгвэл энэ хүрээнд өнгөрсөн тавдугаар сараас эхлэн дөрвөн банк 128.7 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөөр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлснийг Төвбанкнаас мэдээлж байна. 128.7 тэрбум төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгө нь нэмэгдүүлэх шаардлагатай өөрийн хөрөнгийн 25.2 хувийг эзэлж буйг албаныхан онцлов.
 
МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ ӨМНӨХ САРААС  131.2  ТЭРБУМ  ТӨГРӨГӨӨР БУУРЧЭЭ
 
Мөнгөний нийлүүлэлт жилийн өсөлт 29 хувь болж 17.2 их наяд  төгрөгт  хүрсэн ч өмнөх сараас  131.2  тэрбум  төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна. Хадгаламжийн хэмжээ 12 их наяд төгрөгт  хүрснээс 83.2 хувийг иргэдийн хадгаламж, 16.8 хувийг байгууллагын хадгаламж бүрдүүлж буй аж. Иргэдийн хадгаламжийн 19 хувийг, байгууллагын хадгаламжийн 37.2 хувийг гадаад валютын хадгаламж бүрдүүлж байна. 
Төв банк болон хадгаламжийн байгууллагуудын дотоод цэвэр активын дүн 18.4 их наяд төгрөг, гадаад цэвэр актив  1.2 их наяд төгрөгтэй  тэнцэж байна. Дотоод цэвэр актив өмнөх сараас 183.7 тэрбум төгрөгөөр буурсан байна. Үүнд банкуудын эзэмшиж буй Засгийн газрын үнэт цаас төлөгдсөнтэй холбоотой. Дотоод активын 15.6 их наяд төгрөг нь эдийн засагт зээл хэлбэрээр гарчээ.
 
ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ДИЙЛЭНХИЙГ ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН БҮРДҮҮЛЖ БАЙНА
 
 Банкуудын зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 19.5 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна. Тодруулбал иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл  24.8 хувиар, хувийн байгууллагынх 15.7 хувиар  тус тус өсчээ. Түүнчлэн хугацаа хэтэрсэн зээл өмнөх сараас  206.3 тэрбум төгрөгөөр, чанаргүй зээл өмнөх сараас 13.2 тэрбум төгрөг  буюу нэг хувиар өссөн байна. Чанаргүй зээлийн 82.2 хувийг  хувийн байгууллагад олгосон зээл бүрдүүлж байгаа бол нийт хугацаа хэтэрсэн зээлийн 83.2 хувийг хувийн байгууллагынхны зээл бүрдүүлж буй аж.
Харин мөн сард 46.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 629 иргэнд олгосон байна. Үүнээс орон нутагт 6.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 167 иргэнд олгожээ. Ипотекийн зээлийн үлдэгдэл 4.3 их наяд төгрөгт, зээлдэгчдийн тоо 93 885 болсон байна. Ипотекийн зээлийн үлдэгдлийн 17.6 хувийг орон нутагт олгосон зээл эзэлж буй аж.
 
 
Б.Заяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг