sonin.mn
Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр л бий гэсэн айхавтар үг бий. Ингээд харахаар Үндсэн хуулийн цэц гэдэг байгууллага хүчтэй, ихэмсэг орших учиртай байгууллага. Тийм ч байсаар ирсэн түүхтэй. Ер нь үе үеийн Цэцийн дарга, гишүүдийг анзаарах нь ээ хуулийн салбартаа луухгар хүмүүс байдаг юм. Гэтэл сүүлийн жилүүдэд Цэц нэг л бишээ. Улс төр ханхалсан байгууллага болчихсон нь нууц биш. Наад захын жишээ нь Үндсэн хуулийн цэцийн дарга Б.Одбаяр байна. Өмнөх дарга нартай нь харьцуулахад яах аргагүй жижигдээд байдаг. Үндсэн хуулийн цэцийн дарга гэсэн суудал улстөрч, МАН-ын гишүүн Д.Одбаярт ахдаад байгаа нь тод анзаарагддаг. Түүний хувь улстөрчийн жижиг амбицаар харж шийдсэн асуудлууд ганцаар тогтохгүй.
 
Цэцийг улстөрийн шийдвэр гаргадаг улстөрийн байгууллага болгож хувиргасны наад захын жишээ нь саяхан цэцээр хэлэлцэгдсэн нөхөн сонгуулийн асуудал. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж сонинд өгсөн ярилцлагадаа "Үндсэн хуулийн цэц цэвэр улстөрийн шийдвэр гаргасан. Нөхөн сонгууль болох ёстой байсан шүү дээ. Сонгуулийн тухай хуулинд, сонгуулийн жил төрийн албан хаагч ажлаа өгсөн байх ёстой гэсэн заалт бий. Цэцийн шийдвэрийн дагуу бид жил бүр сонгуулийн жилтэй байх уу. Энэ бол маш муу зүйл. Үндсэн хуулийн цэц өөрсдийг нь томилсон субьектээс хамаарч тэдний талд шийдвэр гаргадаг болсон. Нөхөн сонгууль болохоос айж байгаа ганцхан хүн бий. Тэр нь МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх" гэж хэлсэн нь үнэний ортой.
Товчхондоо УИХ-ын сонгуулийн нэг тойргийн иргэд тэр чигээрээ төрд төлөөлсөн түшээгүй, гомдол саналыг нь УИХ, Засгийн газарт хүргэх хүнгүй байх нь Д.Одбаярт падлийгүй болж таарч байна. Энхрий хайрт намынхаа даргыг цээжээрээ хамгаалах нь л цэцийн даргын гол зорилго болчихлоо. Нөхөн сонгууль болвол нам нь ялагдах учраас Цэцийн дарга Хэнтийн олон мянган иргэний эрх, ашгийг уландаа гишгэхийг илүүд үзэж байна даа. Зүй нь тэр эцэг хуулиа мөрдөж, хамгийн түрүүнд иргэдийн эрх ашгийн талд, хуулийн талд шийдвэр гаргах учиртай хүн. Харамсалтай нь Д.Одбаяр цэцийн даргын суудалд жижигдсэн, жирийн л нэг жижиг улстөрч гэдгээ нотолсон ийм шийдвэрийг нэг бус удаа гаргаж байна.
Цэцийн дарга өндөр мэдэлтэй. Цэцийг төлөөлж бусад байгууллага, албан тушаалтантай харилцдаг. Тогтоол, тушаал гаргах эрхтэй. Ийм мэдэлтэй учраас шийдвэр гаргалтад өндөр нөлөө үзүүлдэг. Цэцийн даргын эрх дархын хэмжээ өндөр гэсэн шалтгааныг ухаад бодоход л энэ албыг жижиг улстөрч хашвал том гай дуудах эрсдэлтэй.
Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг Цэцэд маргаан үүссэн асуудлаар урьдчилан байр сууриа илэрхийлсэн, Д.Сугар гишүүнд хууль бус сахилгын шийтгэл ногдуулсан, албан ёсоор нийтлэгдээгүй хуулиар маргаан үүсгэж хуулийг ноцтойгоор зөрчсөн хэмээн УИХ-аас огцруулж байсан түүх бий. Өнгөрсөн явдлыг дурссан шалтгаан нь Д.Одбаярын суудлыг өмнөх шиг авч хэлэлцэх цаг болжээ гэх гээд байна л даа. Ер нь дэлхийн хаана ч нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн лидер хуульчийг үндсэн хуулийн шүүгчээр ажиллуулдаг. Тэгж байж улс нь хуультай, иргэд нь хуулийн дор эрхээ хамгаалуулж. үүргээ умарталгүйгээр амьдарцгаадаг. Өнөөдрийн цэцийн дарга Б.Одбаяр шиг насаараа нэг намын далбаан дор амьдарсан улстөрчөөр үндсэн хуулийн шүүхээ удирдуулбал улсаараа завхарна гэдгээ мэддэг учраас тэр л дээ.
 
Д. МАНДАХ