sonin.mn
Зүүн Ази судлалын олон улсын Х хурал "XXI зууны Зүүн Азийн шинэ чиг хандлага" сэдвийн хүрээнд Улаанбаатар хотод болж байна. Хуралд Япон, БНХАУ, ОХУ, БНСУ, Франц, Канад, Швед, Финлянд, Шинэ Зеланд, Итали зэрэг орны эрдэмтэн, судлаачид оролцож байгаа юм. Хуралдааныг МУИС эрхлэн зохион байгуулж, БСШУСЯ дэмжин оролцож байна. Энэ үеэр МУИС-ын Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал С.БАТТУЛГАТАЙ ярилцлаа.
 
-Зүүн Ази судлалын олон улсын X хурал Монголд болж байна. Олон улсын чанартай энэ хурлыг зохион байгуулсны онцлог нь юу вэ?
 
-"Зүүн Азийн шинэ чиг хандлага" сэдэвт энэхүү хуралд 10 гаруй орны нэр, алдартай эрдэмтэд цугларснаараа томоохон арга хэмжээ болж байна. Зүүн Ази судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурлыг анх Япон улсын Осакагийн Эдийн засаг, хуулийн их сургууль, БНХАУ-ын Бээжингийн их сургуулийн Ази судлалын төв хамтарч, гуравдагч байгууллагаар Зүүн хойд Азийн аль нэг улсын их сургуулийг сонгон хамтран зохион байгуулж ирсэн. Эрдэмтэд Зүүн Азийн эдийн засаг, улс төр, нийгэм соёлын асуудлаар хийсэн судалгааны дүнгээ хурлын үеэр хэлэлцүүлдэг. Энэ уламжлалаар хоёр жил тутамд дэлхийн аль нэгэн их сургуульд цуглан хуралддаг болж, энэ удаагийн X хурлаа МУИС-д зохион байгуулж байна.
 
-Олон улсын нэр хүндтэй эрдэмтэд оролцож буйг дурдлаа. Хурлаас гарах үр дүн, боломжийг хэрхэн харж байна вэ?
 
-Монгол Улс эдийн засгийн ихээхэн чадавх, туршлагатай орны дунд оршдог. Ялангуяа манай өмнөд, хойд хөрш болох ОХУ, БНХАУ бол дэлхийн хүчтэй "тоглогч". Эдийн засгийн чадавх, цэрэг армийн хүч, соёлын хөгжлөөрөө өндөр чадвартай. Ийм хүчирхэг улс, орнуудтай хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэдэг бидэнд маш их давуу тал гэсэн үг. Гол нь давуу талаа алдахгүйгээр хэрхэн хамтарч, өөрсдийгөө ойлгуулж оролцох вэ гэдэг нь чухал. Нөгөөтэйгүүр, том гүрний ашиг сонирхол огтлолцож, өрсөлдөөн өрнөж байгаа учир манайх шиг жижиг улс сорилттой тулгарч байна. Тиймээс бид олон улсын эрдэмтэдтэй хамтран сорилтыг урьдчилан харж тооцоолох, цаашлаад бидэнд ямар сөрөг байдал бий болох, Монгол Улсын хөгжилд ямар саад тулгарах тооцоог урьдчилан хийж, чиг баримжаагаа гарган улсынхаа бодлогод эрдэмтдийг оролцуулах ёстой гэж үзэж байгаа юм.
 
-Монгол Улс Зүүн Азийн орнуудын харилцаанд ямар нөлөөтэй оролцдог вэ?
 
-Хоёр хөршийн эдийн засаг, улс төрийн ашиг сонирхлоос гарах сөргөлдөөнд Монгол Улсын байр суурь хавчуулагдаж таардаг. Өөрөөр хэлбэл, бид заавал оролцох нөхцөл байдал үүсдэг гэсэн үг. Зарим талаасаа Монгол Улсын хэрэгжүүлж ирсэн болон сүүлийн үед баримталж байгаа гадаад бодлого маш идэвхтэй, олон талын хамтын ажиллагаатай болсон. Энэ хамтын ажиллагаанд идэвхтэй оролцсоны хүрээнд Монгол Улс олон улс, оронтой найрсаг сайхан харилцаатай байдаг. Монгол Улсад дайсан болон хүчтэй өрсөлдөгч орон байхгүй. Тиймээс энэ давуу талыг ашиглаж амбийцтай, улс төрийн бодлого хэрэгжүүлж байгаа олон улс орны дунд байж, харилцаанд эерэг талаас нь оролцох боломжтой. Тиймээс гадаад бодлого, хөгжлийн асуудлаа тодорхойлохдоо энэ боломжоо түлхүү ашиглах нөхцөл бий.
 
-Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэнэ, элсэхгүй гэх маргаан бий. Олон улсын судлаачийн хувьд ямар байр суурьтай байдаг вэ?
 
-Үүнд эрдэмтэд олон талын байр сууринаас ханддаг. ШХАБ үнэхээр Зүүн хойд Азид дэвшүүлэн тавьж буй бодлогынхоо хүрээнээс гажихгүй, цэрэг дайны сонирхолгүй, зэвсгийг нэмэхгүйгээр энхтайванч бодлого явуулж, эдийн засгийн интеграцийг хөгжүүлж эхэлбэл Монгол Улс аяндаа татагдаж, түлхүү байр суурьтай оролцох нөхцөл үүснэ. Зарим эрдэмтэн ШХАБ-ыг анх байгуулахдаа хилийн бүсийн цэргийн нөхцөл байдлыг зохицуулах зорилгоор эвслийг байгуулсан учир харзнах ёстой гэсэн байр суурь илэрхийлдэг. Гэхдээ ШХАБ сүүлийн үед энэ зорилгоосоо гадна эдийн засаг, соёл, хүмүүнлэг, боловсрол зэрэг олон салбарт хүрээгээ тэлж байгаа учир энэ чигээрээ явж, үзэл баримтлалаасаа няцахгүй хамтын ажиллагааны шинэ хэлбэрийг хөгжүүлбэл Монгол Улс элсэх бүрэн боломжтой гэж үзэж байна.
 
-ШХАБ-д элсэхгүй гэсэн байр сууринд зогсвол манай улсад эрсдэл үүсэх үү?
 
-Манай хөрш орнууд бүгд хүчирхэг.Олон хүн амтай, цэрэг армийн хүчтэй, цөмийн зэвсэгтэй. Эдгээр улс орон зөвхөн бүс нутагтаа бус дэлхийд "тоглолт" хийж байгаа учир Монгол Улс эрсдэлтэй нөхцөлийг өөрсдөдөө бий болгохгүй байхад анхаарах нь чухал. Үүнд бид ухаанаа илүү уралдуулах шаардлагатай.
 
-Манай улс цөмийн зэвсэггүй орон гэдгээрээ давуу талтайн талаар та дурдсан. Ямар давуу тал байна вэ?
 
-Сүүлийн үед Зүүн хойд Азид эдийн засгийн интеграц эрчимтэй байгаа ч нөгөө талаар цэрэг, зэвсгээ нэмэгдүүлэх үйл явц давхар явж байна. Энэ утгаараа хэрвээ ямар нэгэн мөргөлдөөн үүсвэл манай улс том талбар болох магадлалтай гэж үздэг. БНАСАУ сүүлийн үед нөхцөл байдлаа өөрчилж байгаа ч цөмийн зэвсгийн туршилтыг олон удаа хийлээ. Монгол Улс гуравхан сая хүн амтай жижиг улс хэрнээ ардчилсан зарчмаар хүний эрхийг дээдэлсэн, цөмийн зэвсэггүй гэсэн бодлогыг тууштай баримтлаад явна гэдэг Зүүн хойд Азид бидний оруулж байгаа маш том хувь нэмэр. Үүнийг ч манай хөрш орнууд хүлээн зөвшөөрч, хүндэтгэдэг. Энэ утгаараа манай улс өөрийн онцлогтой гадаад бодлогыг бий болгон бэхжүүлж яваа гэж хэлж болно. 
 
М.Энхцэцэг
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин