sonin.mn
БЭЭЖИН. /РИА Новости/. Хятадын дотооддоо үйлдвэрлэсэн анхны нисэх онгоц тээгч усан хөлөг онгоцны тэнгист явуулсан туршилт аюулгүй бөгөөд амжилттай боллоо. Хөлөг онгоц үйлдвэрлэх ажил товлосон төлөвлөгөөний дагуу явагдаж байна гэж БНХАУ-ын батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч У Цянь пүрэв гарагт хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.
Хятад улсын хувьд хоёр дахь нисэх онгоц тээгч хөлөг онгоц болох Type 001A усан онгоцыг үйлдвэрлэх ажил Далянь хот дахь хөлөг онгоцны үйлдвэр дээр 2013 онд эхэлсэн бөгөөд 2017 оны дөрөвдүгээр сард түүнийг усан дээр буулгасан байна. Хөлөг онгоцны урт нь 315 метр, өргөн нь 75 метр, жин 70 мянган тонн ба түүн дээр 36 ширхэг “Зянь-15” сөнөөгч нисэх онгоц байрлуулах боломжтой ажээ.
Хятадын анхны нисэх онгоц тээгч усан хөлөг онгоц болох “Ляонин” хөлөг онгоцыг Украинаас худалдан авсан дутуу босгосон зөвлөлтийн “Варяг” хөлөг онгоцны суурин дээр үйлдвэрлэсэн юм. Нисэх онгоц тээгч усан хөлөг онгоц болгон хувиргасан уг хөлөг онгоцыг Хятадын тэнгисийн цэргийн зэвсэглэлд 2012 оны есдүгээр сард хүлээн авсан байна.
 
Лу.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг