sonin.mn
АНКАРА. /Анадолу/. Ард иргэдийнхээ аюулгүй байдлыг баталгаажуулах үүднээс олон улсын тулгамдсан асуудал болоод байгаа терроризмын эсрэг Турк болон Киргиз улс хамтран ажиллаж, тэмцэх шаардлагатай байна гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган баасан гарагт мэдэгдэв.
Тэрбээр Киргизид хийх айлчлалаа угтан “Эркин Тоо” сонинд өгсөн нийтлэлдээ энэ тухай тэмдэглэсэн аж. Туркийн төрийн тэргүүн ирэх сарын 1-3-нд Киргиз улсад болох Стратегийн өндөр түвшний зөвлөл болон Түрэг хэлтэй орнуудын зөвлөлийн дээд хэмжээний уулзалтад оролцох юм.
“Террорист “Фетулла” байгууллага нь "Даеш" бүлэглэл болон "Курдистаны ажилчны нам"-ыг дэмжигч бүлгийн нэгэн адил зөвхөн Туркт төдийгүй дэлхий нийтэд аюул занал учруулж байна” гэж Эрдоган онцлон тэмдэглэжээ. “Турк болон Киргиз улсад хоёр талын харилцаанаас ашиг хүртэх ихээхэн боломж байна. Бидний үндсэн зорилго бол харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан хамтран ажиллах явдал билээ” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
“Дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байгаа терроризм, уур амьсгалын өөрчлөлт болон гадаадынхныг үзэн ядах үзэл зэргийн эсрэг манай хоёр улс цэргийн хүчээ нэгтгэн, хамтран тэмцэх хэрэгтэй байна” гэж Туркийн төрийн тэргүүн тэмдэглэсэн байна. Үүний зэрэгцээ соёл, боловсрол, шинжлэх ухаан болон спортын салбарт мөн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай байгааг тэрбээр дурджээ.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг