Улаанбаатар /МОНЦАМЭ/. 1990 онд ердөө 2.7 сая ам.доллараар хэмжигдэж байсан Монгол, БНСУ-ын хоёр талын худалдааны эргэлт 2017 онд 200 сая ам.долларт хүрч нэмэгдсэн байна.
Энэ талаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав БНСУ-ын Тэгү хотын ХАҮТ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэр мэдэгдлээ. Б.Лхагважав МҮХАҮТ-ын үйл ажиллагааны талаар болон Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчны талаар төлөөлөгчдөд танилцуулах үеэр, Монгол, Япон улсын хооронд байгуулаад 2 жил болж буй Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр амжилттай хэрэгжиж байгааг дурдаад, Монгол Улс, Өмнөд Солонгосын чөлөөт худалдааны хэлэлцээрт МҮХАҮТ голлох үүрэгтэй ажиллаж байна гэв. 
Тэрээр, “Монгол Улс болон БНСУ нь хоёр талын Эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулах асуудлаар 2016 оноос хийж эхэлсэн хэлэлцээр нь чөлөөт худалдааны хэлэлцээртэй адил төстэй бөгөөд үүнийг байгуулснаар аж үйлдвэр болон хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагаа улам бүр бэхжих боломжтой юм. Өнөөдрийн байдлаар хоёр орны чөлөөт худалдааны хэлэлцээр судалгааны түвшинд байгаа юм. 1990 онд ердөө 2.7 сая ам.доллараар хэмжигдэж байсан хоёр талын худалдааны эргэлт 2017 онд 200 сая ам.долларт хүрч нэмэгдээд байна” гэв. БНСУ-ын Тэгү хотын ХАҮТ-ын бизнесийг дэмжих газрын захирал До Сүн Ук Танхимынхаа талаар танилцуулж, тус хотын төлөөлөгчид Монголын аж ахуйн нэгж, компаниудтай хамтран ажиллах, харилцаа холбоогоо сайжруулахад МҮХАҮТ-ын зүгээс анхаарч, дэмжиж ажиллахыг хүслээ. БНСУ-ын Тэгү хотын ХАҮТ нь 1906 онд байгуулагдсан 100-н жилийн түүхтэй байгууллага юм байна. 
 
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг