sonin.mn
Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалж "Стандарт" банкнаас зээл авсан хэргийн давж заалдах шатны шүүх хурал Английн Лондон хотноо долдугаар сарын 10-нд болсон.
Энэхүү шүүх хурлын шийдвэрээр Монгол Улс нэн даруй 98 сая ам.долларыг "Стандарт" банкинд давж заалдах боломжгүйгээр төлөх ёстой болсон билээ. Түүнчлэн үндсэн зээлийн хүү, торгуульд мөнгө төлөхгүй гэсэн манай талын эсэргүүцлийг дахин хэлэлцэж, "Стандарт" банкны талд шийдвэрээ бататган гаргажээ. Өөрөөр хэлбэл, үндсэн зээлээс гадна, зээлийн хүү, торгуульд мөнгө төлнө гэсэн үг. Мөн Лондонгийн шүүхээс нийт өр төлбөрийг Эрдэнэт үйлдвэрээс гаргуулж авахын тулд эд хөрөнгийг нь битүүмжлэх ёстой гэсэн шийдвэр гаргасан билээ.
Өдгөө нийгэмд "Стандарт" банкны өрийг барагдуулах ёстой. Аль эсвэл төлөх ёсгүй гэх байр сууриуд үүсээд байна. Эрдэнэт үйлдвэрийн зүгээс гэхэд энэхүү өрийг буруутай этгээдээр төлүүлнэ гэж мэдэгдсэн. "Стандарт" банкинд төлөх өрийг хэн барагдуулах нь одоог хүртэл тодорхойгүй байсаар. Английн Лондон хотод болсон шүүх хурлын дараа улс төрийн нөлөө бүхий эрхэмүүд хэрхэн өөрсдийн үзэл бодлыг илэрхийлснийг хүргэе.
 
Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Засгийн газрын хуралдаанаар энэ асуудал яригдаад Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Тэр ажлын хэсэгт нь миний бие багтсан. Стандарт банкинд төлөх 100 гаруй сая ам.долларыг Монголын Засгийн газар төлөх үү, үгүй юу гэдгийг мэдэхгүй байгаа аж. Ажлын хэсэг хуралдаад Эрдэнэт үйлдвэрээс тэр материалыг нь өгөх хүсэлт тавиад явж байгаа. Эхний ээлжинд ирсэн материалыг нь судалж үзнэ дээ.
Наймдугаар сарын 31нд “Өдрийн сонин”-д гарсан ярилцлагаас
 
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар:
 
-Эрдэнэт үйлдвэрийн дансыг хаасан, санхүүгийн баримт гүйлгээг битүүмжилсэн, дарга нарыг нь гадагш гарахыг хорьсон гэх мэдээллийн талаар Эрдэнэт үйлдвэрийн өр төлбөрийн асуудалд Засгийн газар шуурхай ажиллаж байгаа. Засгийн газраас ажлын хэсэг гараад ажиллаж байна. Одоогийн байдлаар тус үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн зүйл байхгүй.
Есдүгээр сарын 3нд “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлаас
 
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
 
-Нэг хүн "Би хуурамчаар гарын үсэг зураад хулгай хийсэн нь үнэн. Гэхдээ надад мөнгө байхгүй" гэж хэлээд төр нь "За яах вэ. Наадахаа таван жил шоронд суулга" гээд улс өмнөөс нь өрийг нь төлөх үйлдэл байж болохгүй. Тиймээс энэ хэргийг шалгуулахаар Улсын ерөнхий прокурорт хандаад байна. Шүүхийн шийдвэр гарчихаад байхад Үйлдвэрийн удирдлагууд болон аймгийн Засаг дарга ажлаа хийхгүй найр наадам хэсээд алга болсон байна. Шулуухан хэлэхэд Эрдэнэт үйлдвэр энэ зун 40 жилийнхээ ойг хоёр удаа тэмдэглэсэн. Мөн даншиг наадам хийсэн. Булганы наадамд бас оролцож байгаа юм. Үүнээс харахад Эрдэнэтийг дампууруулах гээд бүр шийдчихсэн байна.
Наймдугаар сарын 6-нд хийсэн хэвлэлийн хурлаас
 
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
 
-"Стандарт" банкны өрийг төлөх асуудал дээр Засгийн газар дорвитой алхам огт хийхгүй байна. Арбитрийн шүүх дээр Эрдэнэт үйлдвэрийн асуудал унаснаас үүдэж их хэмжээний, төлбөр нэхэгдэх болсон. Тус үйлдвэрийн удирдлагуудыг гадаадад зорчих эрхийг хүртэл цуцалсан байна. Засгийн газар энэ асуудалд өнөөдрийг хүртэл дорвитой алхам огт хийхгүй байгаа нь харамсалтай байна. Эрдэнэт үйлдвэрийг "Стандарт" банкинд барьцаалсан асуудлыг Засгийн газар ойрын хугацаанд шийдэж, цэгцлэх хэрэгтэй.
 
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
 
-Энэ бол манай улсын эдийн засгийн аюулгүй байдалд шууд нөлөөлөх ноцтой үр дагавартай. Тэр дундаа Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалаас төсөвт орох нэг их наяд төгрөгийн орлого, мөнгөн урсгал зогсонги байдалд орох эрсдэлд хүрэх юм. Эрдэнэт үйлдвэрийн 51, 49 хувийн тухай удаа дараа улстөрчид ярьж байна. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь бол ил тод байгаа. Оросуудын мэдэлд байсан үндэсний үйлдвэрийн хувийг Монголчууд авч ирсэн. Харин иргэдийн тархийг угааж 49 хувьд бурууг чихэх гэж оролдож байгаа нь эрх баригчдын олон жил шахааны бизнес хийсэн хууль бус үйл ажиллагааг нуух гэсэн ажиллагаа. Түүнийг одоо шалгах болсон.
Наймдугаар сарын 13-ны өдрийн УИХ-дахь АН-ын бүлгийн хуралдаанаар гарсан шийдвэрийн талаарх хэвлэлийн бага хурлаас
 
Олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар судалж санал, дүгнэлт гаргах Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав:
 
Ажлын хэсэг хуралдаад Английн Лондон хотод болох Арбитрийн шүүх хуралд УИХ-аас төлөөлөл явуулах шаардлагагүй, хуулийн байгууллагаас төлөөлөл явуулъя гэж шийдсэн. Ингээд төрийн мониторинг хийлгэх үүднээс авлигатай тэмцэх газрын төлөөлөгч, хуулийн байгууллагын нэг төлөөлөл явуулсан. Шүүхийн шийдвэр Монголд таагүй гарсан.
Наймдугаар сарын 7-ны өдөр хэвлэлийн бага хурлаас
 
Эрдэнэт үйлдвэрийн зүгээс буруутай этгээд болох "Жаст"-ын Ш.Батхүүгээр 100 гаруй сая ам.долларын өрийг нь төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Тэд "Жаст"-ын Ш.Батхүү хуурамч бичиг баримтаар зээл авсныг гадаад, дотоодынхон нотолсон ч манай талаас Английн арбитрийн шүүхэд нотлох баримтыг хангалттай гаргаж өгөөгүйгээс ийнхүү "Стандарт" банкны талд шүүхийн шийдвэр гарсан байна.
 
Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн:
 
-Хэн нэгэн буруутай этгээдээс болж Эрдэнэт үйлдвэр олон улсын шүүхэд татагдсан нь харамсалтай. Тиймээс үйлдвэрт ямар нэг байдлаар санхүүгийн хохирол учирсан тохиолдолд буруутай этгээдээр төлүүлэх ёстой. Монгол Улсын төрийн өмчийн томоохон үйлдвэрийн үйп ажиллагаа хэн нэгэн этгээдийн хариуцлагагүй үйлдлээс болж хохирох ёсгүй. Хохирлыг буруутай этгээдээс нэхэмжилнэ. Улс төрийн өнцгөөс буруу зөрүү тайлбарлах зүйл ч гарч байна.Санхүүгийн хариуцлага хүлээхээр болсон ийм нөхцөлд янз бүрийн мэдээлэл гаргах нь бидний дараа дараагийн хэлцэлд муугаар нөлөөлнө. 
Наймдугаар сарын 6-ны өдөр “Зууны мэдээ сонин” “Эрдэнэт”-ийн хохирлыг буруутай этгээдээр төлүүлнэ нийтлэлээс
 
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар:
 
-Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргуулан Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас зээл авсан гэх хэргийг өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Хурлаар нэхэмжлэгч талтай хэлцэл хийх чиглэлийг Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ болон удирдлагуудад үүрэг болгосон. Харамсалтай нь, Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаар Дээд шүүхийн шийдвэр гарч, ТУЗ-ийг эрх зүйн чадамжгүй гэж үзсэн. Тиймээс ТУЗ-д өгсөн үүрэг чиглэл хүчин төгөлдөр бус болсон. Гэхдээ энэ асуудлаар холбогдох яамд ажиллаж байгаа.
Наймдугаар сарын 22-ны өдөр
 
"Жаст"-ын Батхүүгийн өмгөөлөгч Б.Баатарсайхан:
 
-"Стандарт" банкнаас би зээл аваагүй гэж Ш.Батхүү хэлээгүй. Харин ч авсан зээлээ төлнө л гэж хэлдэг. Үүний тулд Хадгаламж банк, "Олон-Овоот", Эрдэнэт үйлдвэрийг ялагдуулсан асуудлыг зөвөөр шалгаж, миний оруулсан 84 тэрбум төгрөг хаана байна гэдгийг нь тогтоогоод өгөөч л гэж хүсч байна. Тэд Ш.Батхүүг шоронд хорьчихоод "Энэ хүнээс болж 109 сая ам.доллар алдлаа. Луйварчин" гэх мэтээр цоллож, хорьж байна. Ш.Батхүү тэнд үхвэл хэсэг бүлэг хүмүүст ашигтай байхыг үгүйсгэхгүй. Түүнийг хорьж байх хооронд Төрийн банкны хувьчлалын талаар ярьж байна. Төрийн банк Хадгаламж банкны тэр их актив хөрөнгийг хууль бусаар авсан уу гэдгийг тогтоох цаг нь болсон.
Наймдугаар сарын 29-ны өдрийн “Өдрийн сонин”-нд гарсан “Ш.Батхүү шоронд үхвэл хэсэг бүлэг хүмүүст ашигтай байхыг үгүйсгэхгүй” ярилцлагаас
 
Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн Д.Дэмбэрэл:
 
-Асуудал хүндэрвэл төлбөрийг үйлдвэрийн "Эрсдэлийн сан"-гаас төлөх боломжтой. Бид 2016 оны цэвэр ашгаасаа энэ эрсдэлийг тооцож, "Эрсдэлийн сан" байгуулан, мөнгө хадгалсан.
Наймдугаар сарын 15-нд medee.mn сайтд гарсан “Эрдэнэт үйлдвэрээ аврах уу алдах уу” нийтлэлээс 
 
"Стандарт" банкинд төлөх ерийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Шадар сайд Ө.Энхтүвшингөөр ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын өгсөн мэдээллээр ажлын хэсэг нэг удаа хуралдаж, Эрдэнэт үйлдвэрт тодорхой баримтуудыг гаргаж өгөх чиглэл өгсөн байна.
Нэгэнт Английн Арбитрийн шүүхээс шийдвэр гарсан тул Засгийн газар "Стандарт" банкны өрийг барагдуулахаас өөр аргагүйд хүрч буй юм. Зээлийн өрийн тоолуур өдөр хоногоор өсч буй тул асуудлыг ойрын хугацаанд шийдэх бодит шаардлага үүссэн талаар Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн дарга онцолжээ. Тиймээс зээлийн өрийг барагдуулах чиглэлд Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг "Стандарт" банктай ямар байдлаар хэлцэл хийхээ тодорхой болгоно гэх хүлээлт үүсээд байгаа юм.
 
 
Б.АМАРТҮВШИН