sonin.mn
“Азийн улсуудад сайн засаглалыг бэхжүүлэх нь” олон улсын чуулган төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Чуулганыг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Азийн нутгийн удирдлагын санаачилга ба сүлжээ (ЛОГИН) олон улсын байгууллага хамтран зохион байгуулж байна. Улс орнууд өөрийн оронд хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн сайн засаглалын туршлагаа харилцан хуваалцах боломж олгоход энэхүү чуулганы зорилго болоод ач холбогдол оршиж байгаа юм.
Чуулганы өнөөдрийн хуралдааныг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нээж, хэлсэн үгэндээ “Монголын нутгийн удирдлагын холбоо нь ЛОГИН олон улсын байгууллагын гишүүн болсноос хойш сургалтын олон арга хэлбэрийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Тэр дундаа оролцооны арга хэлбэр дээр суурилсан сургалтууд болох эмэгтэйчүүдийн манлайллын арга хэлбэрүүд, сайн засаглалын туршлага, иргэний оролцоо, ил тод байдлын олон туршлага, санал санаачлагыг та бүхнээс суралцан өөрсдийн хэмжээнд хэрэгжүүлж байгаа нь олзуурхууштай юм. Монголын нутгийн удирдлагын холбоо нь жилээс жилд суралцаж, өөрийгөө болон гишүүн байгууллагуудаа бэхжүүлэн ажиллаж байна” хэмээв. 
Мөн тэрбээр Улаанбаатар хотоос орон нутгийн засаг захиргааны байгууллагыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэл, мэдээллийн технологид суурилсан төрийн үйлчилгээний системийн талаар “Нийслэлийн эрх зүйн байдлыг шинэчлэх хуулийн гол үзэл баримтлал нь хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлсэн өрсөлдөх чадвартай бие даан хөгжиж, өөрөө өөрийгөө тэтгэх боломжтой эдийн засгийн бодлогыг тодорхойлж, бүхий л нөөц бололцоогоо дайчлан төр захиргааны байгууллага, албан хаагчдын үйл ажиллагаанд дээрх зорилтыг хангахад чиглүүлж удирдах юм. Дээрх хуулийн төсөлд нийслэлийн удирдлагыг бэхжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийслэлийн хөгжилд оролцох оршин суугчдын оролцоог нэмэгдүүлэх, үүрэг хариуцлагыг тодорхой болгох, нутгийн захиргааны байгууллагууд оршин суугчиддаа тулгуурласан үйл ажиллагаа явуулах боломжийг нэмэгдүүлэхээр тусгасан” хэмээн онцлон хэлсэн юм.
 
 
Чуулганаар Азийн 11 улсын 22 байгууллага сайн засаглал болон шууд ардчиллын чухал бүрэлдэхүүн хэсэг болох иргэдийн оролцоо ба нийгмийн хариуцлага, сонгуульд тавих иргэдийн хяналт, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, орон нутгийн чадавхийг бэхжүүлэх нь зэрэг олон сэдвийн хүрээнд өөрсдийн туулсан замнал, алдаа оноо, туршлагаасаа хуваалцана. Мөн нутгийн удирдлагын болон бусад чиглэлээр нэвтрүүлж буй өөрсдийн сайн туршлагаасаа хуралд оролцогчдод танилцуулга хийх юм. Түүнчлэн нийслэлийн дүүргүүд, аймгийн төвүүдэд хэрэгжүүлж буй төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд хийгдсэн ажлын жишээ болох Төв аймгийн Зуунмод хот, нийслэлийн Дүнжингарав төвд тус тус ажиллаж байгаа “Нэг цэгийн үйлчилгээ”-ний үйл ажиллагааг хурлын төлөөлөгчдөд биечлэн танилцуулах аж. Монгол Улс гишүүнээр элсэн орсон энэхүү “Нутгийн удирдлагын санаачилга ба сүлжээ”-нд өдгөө Азийн 12 орны 125 байгууллага нэгдсэн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.