sonin.mn
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2018.09.05/ болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас хэрэглэхийг хязгаарлана
Сургалтын орчинд авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тогтоолд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг ирэх сарын нэгний өдрөөс хязгаарлахаар заав. Энэ нь хүүхдүүдийг цахим халдлага, донтолт, гадуурхлаас сэргийлэх, эрүүл мэнд, амь насыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сурах идэвхийг нэмэгдүүлэх, хүүхдүүдийн чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх, нийгмийн бодит харилцаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилготой авч буй арга хэмжээ юм. Дэлхий нийтэд мэдээлэл харилцааны технологи хөгжихийн хирээр хүн амын дунд нийгэм эдийн засгийн харилцааны салшгүй нэг хэсэг нь болоод буй гар утасны хэрэглээ хүүхэд залуучуудын дунд мөн тэр хэмжээгээр олон сөрөг үр дагаварыг бий болгож байгаа нь төрөөс зайлшгүй бодлогын зохицуулалтыг шаардаж байна.
Монгол Улсын нийт хүн амын 80,6 хувь нь интернет, 99,7 хувь нь гар утас хэрэглэж байна.  БСШУСЯ, Дэлхий банктай хамтран 2017 онд явуулсан судалгаанаас үзвэл хот, хөдөө, орон нутгаас сонгогдсон 14 ерөнхий боловсролын сургуулийн 8-17 насны 1278 сурагчаас 71,8 хувь нь өөрийн гар утастай бөгөөд тэдний 54,6 хувь нь цахим орчинд аялах боломжтой ухаалаг гар утас хэрэглэдэг гэжээ. Тэгвэл гуравдугаар ангийн хүүхдүүдийн 40,8 хувь, тавдугаар ангийнхны 68,3 нь мөн л ухаалаг утастай гэж хариулсан байна. Гэтэл гар утасны өндөр давтамжит цахилгаан соронзон туяа нь хүүхдийн эсийн хөгжилд сөрөг нөлөөтэй учир 12 нас хүртэлх хүүхдэд аюул ослоос бусад үед гар утас хэрэглүүлэхгүй байхыг олон улсын эрдэмтэн судлаачид зөвлөсөөр байна.
Он гарсаар Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд цахим дарамтад өртсөн 125, цахим донтолтын 35 дуудлага бүртгэгдэж, хүүхдүүд хамгааллын
үйлчилгээ авсан бол Сэтгэцийн эрүүл мэндийн төвд цахим донтолттой 23 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн бөгөөд цаашид өсөх хандлагатай байгаа гэв. Тэгвэл Улаанбаатар дахь нийт сурагчдын 96,9 хувь нь нүүрном/facebook/-ын хаягтай бол хөдөөгийн сурагчдын 93 хувь нь өөрийн гэсэн хаягтай тогтмол хэрэглэдэг болжээ. Улсын хэмжээнд хүн амд ногдох нүүрномын хуудас хэрэглэгчийн тоогоор Монгол Улс дэлхийн дунджаас 2,1 дахин,  Ази тивийн улс орнуудаас 3,6 дахин их байна.
Эдгээр үзүүлэлт нь хүүхэд багачууд, өсвөр үеийн сурагчдыг цахим хэрэглээний аливаа сөрөг үр дүнгээс урьдчилан сэргийлэх нэгдсэн бодлого хэрэгжүүлж, яаралтай арга хэмжээ авах шаардлага үүссэнийг илтгэж байна. Эхний алхам нь ерөнхий боловсролын сургуулийн сургалтын явцад ухаалаг утас хэрэглэхийг хязгаарлах шийдвэр юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хязгаарлалт үйлчлэхгүйн дээр хичээлийн бус цагаар болон сургалт хүмүүжлийн зорилготой үйл ажиллагааг ухаалаг утсаар дамжуулан явуулахыг хориглоогүй болно. Онцгой шаардлагатай үед сурагчдын эцэг эх сургалт явуулж буй багш нарын гар утсаар дамжуулан хүүхэдтэйгээ ярьж болохоор тогтоолд тусгасан байна. Түүнчлэн хүүхэд залуучуудын дунд ухаалаг утас болон цахим хэрэглээг хэвшүүлэх хүрээнд тэдэнд ээлтэй бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх цахим хүчирхийлэл халдлагаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, хариуцлагыг өндөржүүлж, гар утасны бэлэглэлийн болон хэрэглэгчийн бүртгэлгүй дугаарыг худалдаалахыг хориглох, хүүхдийн эзэмшиж, ашиглаж байгаа дугаарыг бүртгэлжүүлэхэд чиглэсэн ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд үүрэн холбооны сүлжээ компаниудтай холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм.
 
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг шинээр барих барилгын ажлыг 2019 оны дөрөвдүгээр сард эхлүүлнэ
 
Улаанбаатар-Дархан чиглэлийн 204,6 км авто замыг шинээр барих шийдвэрийг 2017 онд Засгийн газраас гаргаж, зам барилгын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгч, санхүүжилтын эх үүсвэрийг тодорхой болгох ажил үе шаттай хийгдэж өнөөдөр эцэслэн шийдэгдлээ.  Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг шинээр барих барилгын ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “барих-шилжүүлэх” нөхцлөөр  2019 оны дөрөвдүгээр сард эхлүүлж, дөрөвдүгээр ангилалын  хоёр эгнээтэй тус замыг тусгаарлах зурвастай нэгдүгээр ангиллын дөрвөн эгнээ бүхий болгон барихаар шийдвэрлэв. Барилгын ажлын улирал богино учир таван гүйцэтгэгчээр 204,6 км автозамын барилгын ажлыг хуваан гүйцэтгүүлэх болов. Санхүүжилтийг Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд хөнгөлөлттөй зээлээр болон бусад эх үүсвэрээр хангахаар тогтов. Уг төсөлд нийт 225 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах юм. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам нь дөрөвдүгээр зэрэглэлийн хоёр эгнээтэй хэдий ч бусад ижил зэрэглэлийн авто замаас нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим 1,4-2,7 дахин их ердийн үед өдөрт дунджаар 5800 гаруй тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг бол наадам, цагаан сар гэх мэт зорчигчдын урсгал нэмэгддэг оргил ачааллын үед өдөрт 12300 гаруй автотээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ихтэй  авто зам юм. Энэ нь тээврийн хэрэгсэл аюулгүй зорчин өнгөрөх нөхцөл алдагдахад хүргэж, өндөр эрсдэлтэй болгодог байна.
 
22 байршил дахь газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авна
 
“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Төсөлд Ховд аймагт 3, Завхан аймагт 1, Дорнод аймагт 9, Хөвсгөл аймагт 1, Сүхбаатар аймагт 3, Өвөрхангай аймагт 1, Хэнтий, Дорноговь аймагт тус бүр 2 буюу нийт 8 аймгийн 22 байршилд тогтоогдсон тодорхой газруудыг улсын тусгай хамгаалалтад авахаар тусгаад байна.
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс үүдэн байгаль орчин доройтох, байгалийн нөөц хомсдох үйл явц улам бүр эрчимжиж байна. Иймд тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх замаар байгалийн унаган төрх экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх, хамгаалах ногоон хөгжлийн түшиц газрыг бий болгох нэгдсэн бодлого хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байна.
Орон нутгийн иргэд, сумын ИТХ, эрдэмтдийн санал, тэдний судалгааны үр дүнд үндэслэн газар нутгийг байгалийн бүс бүслүүрийн үндсэн хэв шинжийг төлөөлж чадах, экосистемийн онцлог, ландшафтын унаган төрх байдлаа хадгалж үлдсэн зэрэг үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан тооцож дээрх газруудыг улсын тусгай хамгаалалтад авахаар тогтоов.
 
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9км автозамыг шинээр барина
 
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй  “ Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто зам барих” төслийг хэрэгжүүлж, зам барилгын ажлыг эхлүүлэх явцыг эрчимжүүлэхийг Сангийн сайдад даалгалаа. Бэлтгэл ажлыг өвлийн улиралд хангаж, барилгын ажлыг хавар эрт эхлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн засаг даргад үүрэг болгов.
Зам баригдах газрыг бүрэн чөлөөлж дууссан, барилгын ажлын гүйцэтгэгчээр санал ирүүлсэн таван компаниас Синохайдро компанийг сонгон шалгаруулаад байгаа аж.
 
Баянхонгор болон Дархан-Уул аймагт үнэт металын сорьцын хяналтын лаборатори байгуулна
 
Орон нутагт үнэт металын сорьц тогтоох чиг үүрэг бүхий лабораторийн нэгжийг төвийн бүсэд Дархан-Уул аймгийн, баруун бүсэд  Баянхонгор аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсийн бүтцэд  тус тус байгуулахаар шийдвэрлэлээ.  Батлагдсан төсөв, орон тоо, урсгал зардалдаа багтаан, үйл ажиллагааг 2018 оны  III улиралд эхлүүлэхийг Монгол Улсын Шадар сайдад үүрэг болголоо.  Цаашид Үнэт металын сорьцын лабораторийн үйл ажиллагаа, техник технологийн  бэлэн байдал, чадавхыг бэхжүүлэхэд шаардагдах зардлыг 2019 оны улсын төсөвт тусган шийдвэрлүүлж ажиллах юм.  Монгол Улсын Засгийн газрын эдийн засгийг сэргээх үйл ажиллагааны зорилтын хүрээнд “Алт 2” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, бичил уурхайгаар олборлосон алтыг худалдан авах, хадгалах, тээвэрлэх болон сорьц тогтоох үйл ажиллагааг чанар, стандарт, аюулгүй байдал хангасан нөхцөлд цаг хугацаа хэмнэж,  иргэдэд шууд хүргэхэд энэхүү лабораторийн үүрэг чухал гэв.
 
Товч мэдээ
 
-  Монгол Улсын гавьяат нисгэгч, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Цэрэндоржийн Дугарын 100 жилийн ойг 2018 онд тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын тогтоол батлав. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн арга хэмжээний төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэхийг БХ-ын сайдад үүрэг болголоо. Ц.Дугар нь 1935 оноос эхлэн улсад тасралтгүй 52 жил ажилласан байна. Тэрээр Монгол Улсын агаарын зайн анхны хууль, иргэний агаарын тээвэрт мөрдөгдөх олон арван дүрэм, заавар боловсруулах, иргэний болон цэргийн нисгэгч, инженер, техникийн ажилтан бэлтгэх, тэднийг мэргэжлийн зэрэгтэй болгох зэрэг олон асуудлыг боловсруулан шийдвэрлүүлсэн байна.
-  Агаарын тухай хуулийн 25.1-д заасныг үндэслэн “Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл олгох” журмыг батлав. Монгол Улс нь “Озоны үе давхаргыг хамгаалах тухай Венийн конвенци”, “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалын протокол”-д нэгдэн орсны дагуу үүргээ хүлээхээс гадна, Озоны үе давхаргыг хамгаалах тухай үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд журмыг шинэчлэн гаргаж байна. Журамд Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох нөхцөл, энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх байгууллага, иргэн аж ахуй нэгжид тавих шаардлага, хориглох үйл ажиллагаа, хяналт тавих субъект зэргийг нарийвчлан заасан байна.
-  “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг батлав. Их сургуулийн үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, сургалт, судалгаа, инновацийн үйл ажиллагааны чанар, үр өгөөжийг нь дээшлүүлэх замаар судалгаанд суурилсан их сургууль болон хөгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх зорилготой юм. Цаашид Монгол Улсын нийгэм эдийн засгийг мэдлэг, инновацид тулгуурлан хөгжүүлэхэд тэдгээрийн гүйцэтгэх үүрэг, оролцоог нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршиж байна. Хөтөлбөрийг 2019-2023 он дуустал хоёр үе шаттай хэрэгжүүлэх юм.
-  “Магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм”-ийг шинэчлэн батлав.  Дүрэм шинэчлэгдсэнээр хөтөлбөрийн чиглэлээр төрөлжсөн, төрийн захиргааны төв байгууллагаас эрх авсан магадлан итгэмжлэлийн байгууллагууд байгуулагдаж, магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл дангаар хэрэгжүүлж байсан тогтолцооноос эрх бүхий мэргэжлийн байгууллагууд сургалтын хөтөлбөрийн чанарт хараат бус үнэлгээ хийх, олон талт дүгнэлт гаргах тогтолцоонд шилжих юм.  Ингэснээр сургалтын байгууллагын чанарын хяналт , баталгаажилтын үндэсний тогтолцоо бүрдэхийн зэрэгцээ чанарын хяналтын чиглэлээр мэргэжлийн түвшинд зөвлөн туслах, тэдний ахиц дэвшлийг үнэлж дүгнэх үйл ажиллагаа  цогц хэрэгжих юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.