sonin.mn
МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар Дорнын Эдийн засгийн чуулга уулзалт эхлэхийн өмнө буюу энэ сарын 10-ны өдөр хэлэлцээ хийх бөгөөд үүний дараа Приморийн хязгаар дахь Японы "Mazda" компанийн хөдөлгүүрийн үйлдвэрт зочлох ажээ. Энэ тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков сэтгүүлчдэд мэдээллээ.
Хэлэлцээ цөөн хүний оролцоотой эхлэх бөгөөд дараа нь түүнд хоёр орны төлөөлөгчид өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр оролцоно. Уулзалт хэлэлцээний дараа баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслол болж, хоёр улсын удирдагчид уулзалтынхаа үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийх ажээ.
Орос-Японы энхийн гэрээний тухайд Ю.Ушаков хэлэхдээ “Гэрээг байгуулахын тулд итгэлцэл, хамтран ажиллагааны уур амьсгалыг бий болгох хэрэгтэй бөгөөд үүний тулд хоёр талын хэлхээ холбоог цаашид янз бүрийн чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэх хэрэгтэй” гэлээ.  
Түүний хэлснээр, Путин, Абэ нарын уулзалтын явцад Курилын арлуудад аж ахуйн үйл ажиллагааг хамтран явуулах тухай асуудлыг хэлэлцэх ажээ.
Хоёр орны худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны тухайд Ю.Ушаков ярихдаа “2017 онд хоёр орны худалдааны эргэлт сүүлийн хэдэн жилийн хугацаанд анх удаа өсөх хандлагатай болж, 18,3 тэрбум долларт хүрч, 13,9 хувиар нэмэгдсэн” гэдгийг онцлон тэмдэглэлээ.
 
Б.Адъяахүү
Эх сурвалж: Монцамэ агентлаг