sonin.mn
СӨҮЛ. /Ёнхап/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ сарын 18-20-нд Умард Солонгост хүрэлцэн очиж, тус улсын удирдагч Ким Жөн Унтай дээд хэмжээний уулзалт хийнэ гэж Ерөнхийлөгч Мүн Жэ Иний тусгай төлөөлөгч Чун Еуй Ён өнөөдөр мэдэгдэв.
“Өмнөд Солонгос болон Умард Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалт Пхеньян хотноо 9 дүгээр сарын 18-20-нд болно. Дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил ирэх долоо хоногоос эхэлж, өндөр түвшинд яриа хэлэлцээ хийнэ” гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын газрын дарга Чун Еуй Ён Умард Солонгосын нийслэлд айлчилсныхаа дараа мэдээлсэн байна.
Тэрбээр Үндэсний тагнуулын газрын дарга Су Хон тэргүүтэй таван хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн багийг ахлан Пхеньянд ирсэн юм.
9 дүгээр сард болох дээд хэмжээний уулзалт нь хоёр Солонгосын удирдагчдын гурав дахь уулзалт юм. Тэдний анхны уулзалт Панмүнжом тосгонд өнгөрсөн 4 дүгээр сарын 27-нд,  дараагийнх нь 5 дугаар сарын 26-нд болсон билээ.
“Удахгүй болох дээд хэмжээний уулзалтын үеэр Панмүнжомд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр байгуулсан хэлэлцээрийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэнэ. Мөн цэргийн салбарт хурцадмал байдлыг намжаах арга замын талаар ярилцана” гэж Чун Еуй Ён хэллээ.
“Түүнчлэн хоёр улсын харилцааны цаашдын хөгжилд бодит ахиц дэвшил гаргах, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, энх тайвныг тогтоохын тулд тэвчээртэйгээр зогсолтгүй хүчин чармайлт гаргах талаар ярилцана” гэдгийг тэрбээр нэмж дурдсан байна.
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг