sonin.mn
МОСКВА. /ТАСС/. ОХУ-ын Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко албан ёсны айлчлал хийхээр БНАСАУ руу өнөөдөр мордох бөгөөд айлчлал 10-ны өдөр хүртэл үргэлжилнэ гэж Оросын парламентын дээд танхимын хэвлэлийн алба мэдээллээ.
Парламентын спикер В.Матвиенко БНАСАУ-ын Ардын Дээд хурлын дарга Цой Тэ Бок, Ардын Дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам нартай уулзалт хийхээр төлөвлөжээ. 
“ОХУ-ын Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу миний бие БНАСАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярын ёслолын арга хэмжээнүүдэд оролцоно” гэж В.Матвиенко хэлснийг хэвлэлийн албаны мэдээнд дурджээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ, ЗХУ 1948 онд дэлхийн улс орнуудаас хамгийн түрүүнд БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосныг сануулан дурдлаа.
5 дугаар сарын сүүлчээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ли Ён Хо-той хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгдэхдээ, Оросын Холбооны зөвлөлийн дарга ойрын үед БНАСАУ-д айлчилна хэмээн Пхеньян хүлээж байгааг хэлсэн юм.
 
 
Б.Адъяахүү
Эх сурвалж: Монцамэ агентлаг