БЭЭЖИН./ТАСС/. Дорнын эдийн засгийн чуулга уулзалт /ВЭФ/ нь бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, яриа хэлэлцээг өргөжүүлэхэд чиглэсэн олон улсын чухал талбар болсон гэж БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын туслах Жан Ханхуэй үнэллээ.
Хятад улсын дарга Ши Жинпинь энэ онд анх удаагаа тус чуулга уулзалтад оролцох бөгөөд Хятадын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд бизнесийн төлөөлөгчид болон тус улсын 9 бүс нутгийн удирдагчид багтаж байгааг Жан Ханхуэй албан ёсоор мэдэгдсэн байна.  
“Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Дорнын эдийн засгийн чуулга уулзалт нь янз бүрийн орнуудын хооронд хамтын ажиллагааг бэхжүүлэх, яриа хэлэлцээг өргөжүүлэх чухал талбар боллоо. Хятад улс уг чуулга уулзалтыг чухал ач холбогдолтой гэж үзэн, түүнийг зохион байгуулах Орос улсыг тууштай дэмжиж байна. Бид сүүлийн гурван жилийн хугацаанд өндөр дээд хэмжээний төлөөлөгчдөө Владивостокийн чуулга уулзалтад оролцуулж байсан билээ” гэж БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын туслахын мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.
“Энэ он бол Хятад-Оросын бүс нутгийн хамтын ажиллагааны жил билээ. Бид бүс нутгуудын удирдагчдын уулзалтыг зохион байгуулж, Алс Дорнодод хамтран ажиллах туршлагаас хуваалцах бөгөөд ингэснээр хамтын ажиллагааны хоёр чухал талбар болох Зүүн Хойд Хятад-Оросын Алс Дорнод ба “Волга-Янцы” гэсэн механизмуудын нөөц боломжийг бүрэн ашиглах болно” гэж Жан Ханхуэй онцлон дурдлаа.
 
Б.Адъяахүү
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг