sonin.mn
БНХАУ-ын ӨМӨЗО-ы “Хятадыг танин мэдэх” соёл, аялал жуулчалын өдрүүдийн хүрээнд экологи, байгаль хамгаалал, цөлжилтийг бууруулах асуудлаар Хятад, Монголын хамтарсан эрдэм шинжилгээний бага хурал ХААИС-д боллоо.
Монгол Улсын хувьд нийт нутаг дэвсгэрийн 77.8 хувь нь цөлжилтөд өртсөн гэсэн судалгааг эрдэмтэд танилцууллаа.
Хятад улсад өнгөрсөн зууны эцэст жилд дунджаар 3.436 км газар цөлжиж байжээ. Харин энэ зуунд жилд 1.174 км газрыг цөлжих аюулаас хамгаалж чаддаг болсныг тус улсын эрдэмтэд хэллээ.
 
 
 
ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга, “Цөлжилт бол дэлхий нийтийн өмнө тулгамдсан томоохон асуудал болсон. ӨМӨЗО-ы судлаачид цөлжилттэй тэмцэх аргыг олон жилийн турш судлан, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Бид энэ туршлагаас нь суралцаж, Монголд нутагшуулах юм. Өнөөдрийн хуралд БНХАУ-ын Цөлжилтийн хүрээлэнгийн захирал, ӨМӨЗО-ы ХААИС-ийн судлаачид, Монголоос ХААИС-ийн Экосистемийн судалгааны төв, геополитикийн судалгааны төв оролцож байна” гэлээ.
 
 
 
Харин ӨМӨЗО-ы ХААИС-ийн цөлжилтийн эсрэг салбарын багш, доктор Гао Ёон хэлэхдээ “Бүс нутгийн усны нөөц, уур амьсгал, газрын байршлаас шалтгаалан цөлжилтөөс сэргийлэх арга өөр өөр байдаг. Бид цөлжилтөөс хоёр аргаар сэргийлж байгаа. Нэгдүгээрт, элсэнд хоолой байршуулах арга юм. Энэ нь хүчтэй усан буугаар газрыг гүнзгий нүхлээд ургамал суулгах арга юм. Усан буугаар газрыг нүхлэх үед их хэмжээний чийгийг хөрсөнд өгдөг тул ихээхэн үр дүнтэй байдаг. Мөн элсийг тогтоох бүрхэвчийн арга гэж бий. Тэр бүрхэвчийг ашиглаж ургамал тарих нь мөн үр дүн сайтай. Энэ аргыг ӨМӨЗО-ы нутгийн хойд хэсгээр түлхүү ашигладаг. Энэ хэсэг Монголтой хиллэдэг тул танай оронд ашиглах бүрэн боломжтой” гэсэн юм.