sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 7 хоногт манай улсад хоёр өдөр чуулсан уул уурхайн салбарын ууган арга хэмжээ болох “Coal Mongolia-2018” дээр оролцогчдын зүгээс тавьсан зарим илтгэл болон гарсан саналуудыг хүргэж байна.
“Erdene resourse development” компанийн захирал Жон Лайонс, “Чуулганы өмнө нийгмийн оролцооны талаар хэлэлцүүлэг өрнүүлж байхад орон нутгийнхан уул уурхайн компаниудаас хандив авах хэрэгцээ бийг ойлгож буй ч ганц нэг удаагийн тэмдэглэлт ой, үйл явдалд зориулан мөнгө өгөхөөс илүү урт хугацаанд үр дүнгээ өгөхүйц зүйлд зарцуулах ёстой гэдэг талаар ААН-үүд саналаа илэрхийлж байсан”-ыг дурдаж байв. “Бат солюшн партнерс” ХХК-ийн ТУЗ-ийн дарга В.Ганзориг, “Нийгмийн лицензийг анхнаас нь тоогоогүй явж ирснээс болж гор нь одоо гарч байна. Уул уурхайн мэдээллийг тогтвортой, үнэн зөв өгөх нь чухал” гэсэн бол “Оюутолгой” ХК-ийн Бүс нутгийн хөгжил, нийгмийн асуудал эрхэлсэн ерөнхий менежер Ш.Байгалмаа хэлэхдээ, “Уул уурхайн компаниудаас орж ирсэн орлого, түүний зарцуулалт, өр авлагын мэдээлэл, төрийн зүгээс олон нийтэд өгч буй мэдээллийг ил тод байлгах нь компаниудад дэмжлэг болох талтай чухал зүйл юм” гэдгийг онцлож байв. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх М.Дагва хэлэхдээ, “Манай улс хайгуулд хөрөнгө оруулалт татах хэрэгтэй байгаа. Үүний тулд хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээсэн татварын болон бизнесийн тогтвортой орчныг бий болгох шаардлагатай. Мөн баялагтай улс орон бүрт тулгардаг нэг бэрхшээл болох орон нутгийн иргэдийн зүгээс тавьдаг “Манай нутагт ямар ашиг ирж байгаа юм бэ?” гэдэг асуултанд хариулт өгөхгүй удаан байснаар талуудын итгэл алдарч, эсэргүүцэх тал руугаа ордог явдал” хэмээн тодотгож байв.
 
 
Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК)-ийн Дэд бүтэц, байгалийн баялгийн газрын ахлах мэргэжилтэн Аржун Балла, “Уул уурхайн компаниуд хайгуул хийн, олборлолт явуулахад усны нөөцийг хамт хуваан хэрэглэх нь эдийн засаг, нийгмийн талдаа ач холбогдолтой гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй бол сөргөлдөөн үүсэх магадлалтай. Усны менежментэд оролцогч Засгийн газар, салбарын яам, компани, ААН-үүд, орон нутгийн иргэд гэсэн олон талын хамтын ажиллагаа, үүрэг чухал байна” гэдгийг онцлож байлаа. Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтри хэлэхдээ, “Манай компаниуд Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой бөгөөд энд гэхдээ татварын орчин, хайгуул хийх боломжит талбай бага байна. Уул уурхайн компаниуд чанартай, өгөөжтэй ажиллахын тулд тухайн улс орон хамгийн түрүүнд татварын орчноо дэлхийн жишигт нийцүүлэх хэрэгтэй юм. Австрали улс хөрөнгө оруулагчдыг бодолцсон татварын системтэй. Оюутолгой шиг, дэлхийн стандартад нийцсэн том төсөл дараагийн 10 жилд Монголд байх шаардлагатай. Танай улсы хувьд шийдэх ёстой 2 асуудал байгаа нь бусад улстай өрсөлдөхүйц татварын орчин болон тогтвортой бодлоготой байх явдал чухал юм” гэдгийг зөвлөж байсан бол “Кинкора Коппер” ХХК-ийн ерөнхийлөгч Сэм Спринг, уул уурхайн салбарт баримтлах бодлого нээлттэй, тогтвортой байх гэдэг санааг давтан, ингэснээр хөрөнгө оруулагчид тогтвортой ажиллан, хоёр тал харилцан ашигтай байж, дэд бүтэц ч сайжрах боломжтой гэдгийг онцлож байв.
 
Б.Болд
Гэрэл зургуудыг Б.Чадраабал
Эх сурвалж: Монцамэ агентлаг