sonin.mn
МОСКВА. /ВВС/. ОХУ хүйтэн дайнаас хойших хамгийн том цэргийн хамтарсан сургуулилтаа Зүүн Сибирьт эхлүүлжээ. Уг сургуулилтад цэргийн 300 000 орчим албан хаагч оролцож байна.
“Восток-2018” сургуулилтад БНХАУ-аас цэргийн 3200 албан хаагч оролцож байгаа аж. Мөн Монгол улс цөөнгүй тооны цэргийн албан хаагчаа илгээжээ.
Хуучин ЗХУ хамгийн сүүлд хүйтэн дайны үед буюу 1981 онд ийм том хэмжээний цэргийн сургуулилт хийж байсан боловч энэ удаагийн “Восток-2018” сургуулилтад илүү олон тооны цэргийн албан хаагч оролцож байгаагаараа онцлог юм. Гэвч уг сургуулилт нь Умард Атлантын гэрээний байгууллага /НАТО/ болон ОХУ хоорондын харилцаа хурцадмал байгаа цаг үед болж байна.
Крымийг өөртөө нэгтгэсэн болон Украины асуудалд хөндлөнгөөс оролцсон зэрэг асуудлаас үүдэн 2014 оноос ОХУ болон НАТО хоорондын харилцаа муудаж эхэлсэн билээ.
Кремлийн ордны хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэл хийхдээ, ОХУ-ыг чиглэсэн түрэмгий, найрсаг бус хандлагыг харгалзан энэхүү цэргийн сургуулилтыг явуулж байна гэж хэлжээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг