sonin.mn
ВЛАДИВОСТОК. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх зургадугаар сард Японд албан ёсны айлчлал хийнэ гэж тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдлээ.
Тэрбээр В.Путинтэй уулзсаныхаа дараа мэдэгдэл хийхдээ, “Японы Осака хотноо ирэх зургадугаар сард болох “Их-20”-ын уулзалтын үеэр бид дахин уулзахын зэрэгцээ ОХУ болон Японы соёлын харилцааны жилийн хаалтын арга хэмжээг Токио хотноо зохион байгуулна. Өнөөдөр бид энэ асуудлыг хэлэлцэж, тохиролцсон” гэж онцлон тэмдэглэв.
Мөн тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хийж буй уулзалт бүрээс сайн үр дүн гаргахын төлөө чадах бүхнээ хийхээ амласан байна.
"Үүний зэрэгцээ Японы Өөрийгөө хамгаалах хүчний ерөнхий штабын дарга 10 дугаар сард ОХУ-д айлчилна. Хоёр орны батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа эрчимтэй тэлж байгаа бөгөөд цаашид бид терроризмын аюул, мансууруулах бодисын наймаа зэрэг асуудалтай тэмцэхэд нягт хамтран ажиллах болно” гэж Шинзо Абэ мэдэгдлээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг