sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Мишээл ЭКСПО” төвд 4 өдөр үргэлжилсэн “Улаанбаатар Түншлэл-2018” олон улсын үзэсгэлэн худалдаа өчигдөр өндөрлөж, дотоодын 80 гаруй ААН бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж шилдгүүдээ тодрууллаа.
Энэ удаагийн үзэсгэлэн худалдааны Гран При шагналын эзнээр “Жүр Үр” ХХК тодорсон байна. Онцлох шинэ хүнсний бүтээгдэхүүүнээр “Хүнс комплекс” компани, шилдэг импортлогч ААН-ээр “Глобаль трейдинг девлопмент” болон “Ноён-Уул Эрдэнэ” ХХК-иуд шалгарлаа. Дэлхийд өрсөлдөхүйц Монгол брэндийн бүтээгдэхүүнээр “Улаанбаатар хивс”, шилдэг экспортлогчоор “Монос” групп тус тус шалгарлаа.
Үзэсгэлэн-худалдааны энэ жилийн онцлог нь оролцогч аж ахуйн нэгж, сонирхсон үйлчлүүлэгч бүрт банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх компаниуд үнэ төлбөргүй бизнесийн зөвлөгөө өгч, B2B уулзалтуудыг зохион байгуулсан явдал байв. Зохион байгуулагчдын зүгээс энэ жилийн үзэсгэлэнд оролцогч ААН-үүдийн бараа бүтээгдэхүүний сав баглаа боодол өнгө үзэмж, чанарын хувьд сайжирч, илүү эко тал руугаа чиглэсэнд сэтгэл хангалуун байна гэж байлаа. Үзэсгэлэнгийн үеэр үндэсний үйлдвэрлэгчид зах зээлийн судалгаагаа сайн хийж, гадаад руу гаргаж буй түүхий эдээ дотооддоо аль болох нэмүү өртгөөр эцсийн бүтээгдэхүүн болгон гаргахад анхаарч, дундын хөрөнгө оруулалт хийх шаардлагатайг хэлж байлаа. Мөн салбарын чиглэлээр ААН-үүд хөрөнгө оруулалтаа нэгтгэх замаар нэг корпораци болон гарч ирвэл гаднаас авахгүйгээр гол гол бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой гэж байв.
 
 
Үзэсгэлэнд анх удаа оролцсон нийслэлийн Баянзүрх дүүргийн хөдөлмөр Нийгмийн халамжийн хэлтсийн “Эко урлал”-ын төвийн ерөнхий менежер Р.Цэнд-Аюуш хэлэхдээ, “Бид дүүргийнхээ 12 гар урлаачийн бүтээлээр үзэсгэлэнд оролцож байна. Бид байгальд ээлтэй хоёрдогч түүхий эдийг ашигласан бүтээгдэхүүн хийдэг. Тухалбал, эко лаа, саван, арьсан эдлэл, эко модон эдлэлүүд, арьсан түрийвч зэрэг юм. Манай бүтээлүүд эко гэдэг утгаараа ямар ч химийн бодис оролцуулдаггүй, тухайлбал лааг шар буурцгийн тос, байгалийн үнэр болох арц ганга, өнгийг нь байгалийн будаг ашиглаж хийдэг. Хэрэглэгч хүссэн хэлбэр өнгөөрөө захиалж болдог. Мөн бид гар урлал бүтээл хийх сонирхолтой хүмүүст зориулан сургалт зохион байгуулдаг. “Декупаж Монгол” урлан сургалтаараа бид бүх төрлийн материалаар хийж болох зүйлсийг хүмүүстээ зааж сургадаг. Түүнчлэн өөрөө гэртээ хийсэн бүтээлээ ч манай Facebook, сайтаар дамжуулан борлуулах боломжтой. Хийсэн бүтээлээ борлуулахын тулд лангуу түрээслэх, зөөх шаардлагагүй гэсэн үг. Сайтын маань онцлог нь гэвэл Монголд анх удаа урамшууллын системийг нэвтрүүлсэн явдал. Уг сайтад байгаа бараа бүтээгдэхүүнийг өөрөө хэн нэгэнд санал болгон борлуулсан тохиолдолд урамшууллынхаа 30 хувийг нь өөрөө авах боломжтой” гэлээ.
Үзэсгэлэнгийн онцлох нэг бүтээгдэхүүн нь “Голд кинг Берри” ХХК-ийн Монголдоо анх удаа байгалийн цэвэр түүхий эдийг орчин үеийн дэвшилтэт технологиор боловсруулан үйлдвэрлэсэн “Чакра” брэндийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн байв. бүтээгдэхүүн байв. Энэ нь эх орны унаган зэрлэг байгальд ургасан супер хүнс хэмээн нэрлэгддэг хаан жимс чацаргана, нэрс, аньс, хуш модны самар болон хушганы самар, гүүний саам, хатаасан айраг, Монгол саримс, Монгол тахианы өндөгний хальснаас гарган авсан кальци ашиглан хийсэн, өндөр илчлэг шимт бодистой хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм байна. Эдгээр жимсний шүүсийг шахаж тоосруулах аргаар хатааж, ургамлын гаралтай желатин капсулд савлан хэрэглэгчдэд хүргэж буй тус компани Япон улсад өөрийн албан ёсны борлуулагч компанитай гэрээлэн бүтээгдэхүүнээ экспортолж байгаа юм.
 
 
Б.Болд
Эх сурвалж: Монцамэ агентлаг