sonin.mn
Өнгөрсөн долоо хоногт олон улсын амьдралд тохиосон хамгийн том үйл явдал нь Бээжин хотноо болсон Хятад-Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт /FOCAC- Forum on China-Africa Cooperation/ байлаа. Уг форум Хятад улсад 2018 онд болсон хамгийн өргөн хүрээтэй олон улсын арга хэмжээ байсан боловч түүнд дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дорвитой анхаарал хандуулсангүй, ялангуяа барууны орнуудын хэвлэлүүдэд бараг дурдаагүй гэхэд хилсдэхгүй. 
Харин Синьхуа агентлаг, Жэньминь жибао сонин болон Хятадын гол хэвлэлүүдийн тэргүүн нүүрүүд уг үйл явдлын тухай мэдээллээр дүүрэн байснаас иш татлаа.
Хятад улс ба Африк тивийн 54 улсын хүн ам нийлээд 2,6 тэрбумд хүрдэг бөгөөд хүн төрөлхтний 1/3-ийн хөгжил дэвшлийн асуудал гэдэг бол анхаарлын гадна орхихоор сэдэв биш юм. Дашрамд дурдахад, Африк тивд 55 улс байдгаас Тайванийг хүлээн зөвшөөрсөн хэвээр байгаа Свазиланд улсын төлөөлөгчид Бээжинд ирсэнгүй.
Энэ сарын 3 буюу чуулга уулзалтын эхний өдөр Хятадын удирдагч Ши Жинпин үг хэлэхдээ “БНХАУ-ын зүгээс Африкт өргөн хэмжээний тусламж үзүүлэх хөтөлбөр буюу “8 том санаачилга”-ыг дэвшүүлсэн нь форумын үеэрх хамгийн чухал үйл явдал байлаа.
Эхний санаачилга бол үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд Африкийн орнуудад туслах тухай асуудал. Ойрын 3 жил болон дараа дараагийн жилүүдэд Африкийн хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн 50 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна байгалийн гамшигт нэрвэгдсэн Африкийн улсуудад 1 тэрбум юанийн хүнсний тусламж үзүүлж, хөдөө аж ахуйн салбарын 500 туршлагатай мэргэжилтнээ Африк руу илгээхээ Хятад улс мэдэгдлээ.
 
Хоёрдугаарт, “Бүс ба зам” санаачилгын хүрээнд дэд бүтцийн салбарт хамтран ажиллах
Гуравдугаарт, Хятад-Африкийн худалдааг өргөжүүлэх үүднээс Хятад улс түүхий эдийн бус импортоо нэмэгдүүлэх
Дөрөвт, байгаль орчныг хамгаалах “ногоон хөгжил”-ийн асуудал
Тавдахь болон зургаадахь санаачилга нь Африкийн боловсрол ба эрүүл мэндийн салбарт тусламж үзүүлэхтэй холбоотой. Тус тивд өндөр ур чадвартай 1000 мэргэжилтнийг бэлтгэж өгөх, солилцооны шугамаар Африкийн орнуудын 2 мянган залуу мэргэжилтнийг бэлтгэх зэрэг саналууд дээрх санаачилгад багтсан байна.  
7 дахь санаачилга нь хүмүүнлэгийн солилцоотой холбоотой.
Наймдахь нь, Африкийн орнуудад цэргийн буцалтгүй тусламж үзүүлэх, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох Африкийн цэргийн мэргэжилтнүүдийг бэлтгэх тухай юм.    
 
Үүний сацуу, энэ удаагийн форумын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятад улсаас Африкийн орнуудад олгох санхүүжилтийн хэмжээг нийт 60 тэрбум доллар болгож тогтоосныг зарлан мэдэгдлээ.
Өмнө нь 2015 онд Хятад улс мөн адил 60 тэрбум долларын тусламж олгож байжээ.
Чуулга уулзалтын төгсгөлд хоёр гол баримт бичгийг баталсан нь “Хятад, Африкийн хувь заяаны улам нягт хамтын цогцыг хамтдаа бүтээн байгуулах тухай Бээжингийн тунхаг”, “Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулганы Үйл ажиллагааны Бээжингийн хөтөлбөр (2019--2021)” юм.
Чуулга уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жинпинь Африктай тогтоосон харилцаандаа Хятад улс ямар зарчмыг баримтлах вэ гэдгийг тодорхой болгосон нь шинжээчдийн анхаарлыг хамгийн ихээр татлаа. Тодруулбал, Африктай харилцахдаа Хятад улс “5 үгүй” гэдэг зарчмыг баримтална. Үүнд: 1.Африкийн улсууд өөрсдийн хөгжлийн замыг сонгоход нь хөндлөнгөөс оролцохгүй, 2. Африкийн улсуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй, 3. Хятад улс өөрийн хүсэл зоригийг Африкийн орнуудад тулган хүлээлгэхгүй 4. Африкт тусламж үзүүлэхдээ улс төрийн болзол тавихгүй 5. Африкт хөрөнгө оруулах, хамтран ажиллахдаа улс төрийн ашиг хонжоо хайхгүй.  
Түүнээс гадна, Хятад-Африкийн харилцаанд хөндлөнгөөс оролцох гэсэн оролдлогууд гарч буй өнөө үед “4 болохгүй” гэсэн зарчмыг Ши Жинпинь томъёоллоо. Үүнд: 1. Хятад-Африкийн ард түмнүүдийн нэгдэл нягтралыг хэн ч эвдэж чадахгүй 2. Хятад болон Африкийн сэргэн мандалтад хэн ч саад хийж чадахгүй 3.Хятад-Африкийн хамтран ажиллагааны бодит үр дүнг хоосон таамаглалын үндсэн дээр хэн ч үгүйсгэж чадахгүй 4.Африкийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн дэлхийн хамтын нийгэмлэгийн идэвхтэй үйл ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс оролцох ёсгүй.
Эдгээр 4 зарчмыг тунхагласан нь барууны орнуудын шүүмжлэлийг сөрөн няцаах зорилготой нь харагдаж байна. Хятад улс хөгжиж буй орнуудад зээл олгосноороо тэднийг хэзээ ч төлж чадахааргүй “өрийн урхи”-нд оруулж байна гэсэн шүүмжлэл сүүлийн үед ихээхэн гарах болсон билээ. Тэр ч бүү хэл, хятадууд “шинэ колоничлол”-ын бодлого явуулж, Африкийн байгалийн баялгийг цөлмөж байна гэж буруушаах нь ч бий.   
Харин Хятадын шинжээчид дүгнэхдээ, Ши Жинпиний дэвшүүлсэн “5 үгүй”, “4 болохгүй” гэсэн зарчмууд нь Африктай тогтоосон хамтын ажиллагаагаа бэхжүүлэх гэсэн Хятад улсын хүсэл эрмэлзлийг илэрхийлж байна гэлээ.                                                                            
Энд нэг зүйлийг онцлон дурдахад, Бээжингийн чуулга уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш оролцсон нь форумын нэр хүнд, ач холбогдлыг улам өндөрт гаргалаа.
Африк тивд өлсгөлөн, ядуурлыг бууруулах, зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох талаар НҮБ-ын тавьж хүчин чармайлтын зорилго нь Африкт явуулж буй Хятадын бодлоготой уялдан холбогдож байгаа юм. Ялангуяа улс төрийн нөхцөл болзол тавихгүйгээр Африкийн орнуудад тусламж үзүүлж буй Бээжингийн хөтөлбөр нь Африкт хуримтлагдсан асуудлуудыг шийдэх гэж чармайж буй НҮБ-ын ачаанаас тодорхой хэмжээгээр хөнгөлж байгаа учраас А.Гутерриш FOCAC-2018-ыг томоохон ач холбогдолтой гэж үзээд Бээжинд иржээ. 
 
Хятад-Африкийн эдийн засгийн хамтын ажиллагаа
 
2010 онд Хятад улсын эдийн засаг дэлхийн 2 дахь том эдийн засаг болж тэлсэн. Цаашдаа дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засгийг бий болгох нь нөөц баялгийн бааз суурьгүйгээр, ялангуяа эрчим хүчний нөөцгүйгээр бүтэшгүй зүйл билээ. 1999 онд Хятад улс хэрэгцээт газрын тосныхоо 15-20 хувийг импортолж байсан бол энэ үзүүлэлт одоо 80 хувьд хүрээд байна. Иймээс тус улс Африкийн орнуудтай тогтоосон улс төр, эдийн засгийн хэлхээ холбоогоо улам гүнзгийрүүлэх нь дээрх зорилтдоо хүрэх арга замуудын нэг болж байгаа юм.   
 
  
 
Африк бол Хятадын хувьд түүхий нефть импортлох хоёрдахь том эх үүсвэр бөгөөд Ойрхи Дорнодын дараа ордог байна. Африкийн орнуудын нефтийн нөөц 16,6 тэрбум тонн буюу дэлхийн нөөцийн 10 хувийг бүрдүүлдэг ажээ.
Нефтиэс гадна Хятад улс төмрийн хүдэр, зэс, боксит, цайр, уран зэрэг түүхий эдийг Замби, Зимбабве, ӨАБНУ, Конго, Габон, Марокко зэрэг улсаас импортолдог.
Түүнээс гадна, Африк тив 14,65 их наяд шоо метр байгалийн хийн нөөцтэй ба энэ нь дэлхийн нөөцийн 7,9 хувь болж байна.
Мөн Конгоос нийлүүлж буй мод нь Хятадын мебелийн үйлдвэрүүдийн гол түүхий эд болдог. Зимбабве улсын экспортод гаргадаг тамхины ихэнхийг Хятад улс худалдан авдаг гэх мэт олон жишээг дурдаж болно. Хариуд нь, хятадууд олон нэр төрлийн цахим тоног төхөөрөмж, машин техникийг Африкт нийлүүлдэг байна.
2017 онд Хятад улс болон Африкийн орнуудын хийсэн худалдааны эргэлтийн хэмжээ 170 тэрбум долларт хүрсэн бол 2035 он гэхэд Хятад-АНУ-ын худалдааны эргэлтээс давна хэмээн таамаглаж байна.
Африк тивд 1,2 тэрбум хүн амьдарч байгаагийн дотор залуучуудын эзлэх хувь маш өндөр байдаг. Өөрөөр хэлбэл, тус тивд асар том хэрэглээний зах зээл байна гэсэн үг бөгөөд ирэх 20 жилийн хугацаанд Африк тив дэлхий дээрх хамгийн том хэрэглэгч болох төлөв харагдаж байна. Африкчуудын орлого илт өсч байгаа бөгөөд өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Африкийн нэг хүнд ногдох ДНБ 30 гаруй хувиар өссөн гэх статистик мэдээлэл бий. Хятадад үйлдвэрлэсэн бараа нь үнэ хямд, хэрэглэхэд хялбар, хийцийн хувьд энгийн байдаг нь африкчуудад ихээхэн таалагддаг байна. Хятадууд тусламж үзүүлэхдээ Африкийн дотоод хэрэгт оролцдоггүй, барууныхны адилаар “хүний эрх” гэсэн зүйл ярьдаггүй, “ардчилал” тогтоосон байх гэх мэт урьдчилсан нөхцөл болзол тавьдаггүй учраас Хятад улсын хувьд Африкийн орнуудын удирдагчидтай хэл амаа ойлголцоход дөхөм байдаг ажээ.
 
Хятад-Африкийн хамтын ажиллагааны түүхээс товчхон
 
1955 оны 4 дүгээр сард Индонезийн Бандунг хотноо болсон Ази, Африкийн 29 улсын бага хурлаас хойш БНХАУ ба Африк тивийн орнуудын хамтын ажиллагааны орчин цагийн түүх эхэлсэн гэж үздэг. Уг хурлын үеэр тухайн үеийн Хятадын Ерөнхий сайд асан Жоу Эньлай Африкийн орнуудын удирдлагатай анх удаагаа уулзсан бол үүнээс нэг жилийн дараа Хятад улс Египеттэй дипломат харилцаа тогтоожээ. 
 
 
Зарим үед Африкийн орнуудтай тогтоосон Хятадын харилцааны хөгжил түр хугацаанд зогсонги байдалд орж байлаа. Энэ нь тухайн үеийн олон улсын байдал ба Хятадад өрнөсөн “Соёлын хувьсгал”-тай холбоотой. Хятад улс барууны орнууд ба ЗХУ-тай сөргөлдөж байсан учраас эдгээр улсын нөлөөний хүрээнд байсан Африкийн орнуудтай харилцаа тогтооход хүндрэл учирч байжээ.
1963-1964 онд Хятадын Ерөнхий сайд Жоу Эньлайгийн Африкийн 10 улсад хийсэн түүхэн айлчлалын явцад Хятад-Африкийн улс төрийн харилцааны 5 зарчмыг тодорхойлсон байна.
Харилцаанд гарсан өөр нэгэн чухал үйл явдал бол 1964 онд Франц улс БНХАУ-ыг хүлээн зөвшөөрсөн явдал бөгөөд ингэснээр Хятад улс франц хэлээр ярьдаг Африкийн хэд хэдэн улстай дипломат харилцаа тогтоожээ.  
1970-аад он бол Африкийн талаарх Хятадын улс төрийн бодлогод зарим талаар зөрчилтэй хандлага илэрч байсан үе юм. Тухайн үед Хятад улс барууны орнуудтай харилцаагаа зөөлрүүлэх бодлого явуулж байсан нь барууны нөлөөнд байсан Африкийн орнуудтай харилцаа тогтоох боломжийг олгосон. Нөгөө талаас, колоничлолын эсрэг үзэл баримтлалыг Хятад улс хатуу даган мөрдөж байсан нь ЗХУ-ын нөлөөний хүрээнд байсан Африкийн орнуудын талархлыг хүлээж байлаа. Үүнээс үүдэн хачирхалтай нөхцөл байдал үүсч байсныг дурдвал: ЗХУ-Кубын цэргийн хамтарсан хүчний эсрэг байлдаж байсан Анголын ЮНИТА бүлэглэлийг хятадууд АНУ-тай хамтран дэмжиж байлаа. Үүний сацуу апартеид дэглэмийн эсрэг тэмцэж байсан Танзани, Замбийн эсэргүүцлийн хөдөлгөөнийхөнд цэргийн тусламж үзүүлж байсан гэх мэт. 
1971 онд НҮБ-ын 2758 тоот тогтоолоор Тайванийн оронд БНХАУ НҮБ-ын гишүүн болсон нь Хятадын нэр хүндийг дэлхий дахинд болон Африкт улам өсгөв. Ингэснээр Хятад улс Африк  тивийн 44 улстай дипломат харилцаа тогтоожээ.
1992 онд БНХАУ-ын дарга Ян Шанкунь Африк тивийн орнуудад хийсэн айлчлалынхаа үеэр хоёр талын харилцааны 6 шинэ зарчмыг тодорхойлсон нь хоёр талын харилцааг цаашид бэхжүүлэхэд чухал түлхэц болов.
2004 оны эхээр Африкт айлчилсан БНХАУ-ын дарга Ху Жинтао “Хятад улс бол хамгийн том хөгжиж буй орон, харин Африк бол хамгийн олон хөгжиж буй улсууд оршдог тив юм. Африк бол байгалийн баялгийн болон хүний нөөц ихтэй, харин Хятад улс технологи болон туршлага хуримтлуулсан ба асар том зах зээлтэй. Түүхэн боломжийг алдахгүйн тулд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, бие биенийхээ хөгжилд тус дэм болохын тулд Хятад улс Африкийн орнуудтай хамтран ажиллаж байна” гэж мэдэгдсэн байна.
Хоёр талын хамтын ажиллагаа улам бэхжсээр ирснийг илтгэх статистик тоо баримт ч бий. Тодруулбал, 1960-аад оноос хойших хугацаанд шадар сайдаас дээш зиндааны Хятадын 30 гаруй удирдагч Африкийн 47 улсад 180 гаруй удаа айлчилжээ. Харин Африкийн 48 орны төр, засгийн тэргүүн нар БНХАУ-д 200 гаруй удаа айлчилсан байна.
 
Б.Адъяахүү 
Эх сурвалж: Монцамэ агентлаг