ВЛАДИВОСТОК. /cnbc/. ОХУ болон БНХАУ-ын бизнес эрхлэгчид 100 тэрбум долларын өртөг бүхий хөрөнгө оруулалтын хамтарсан 73 төсөл хэрэгжүүлэх талаар хэлэлцэж байна гэж ОХУ-БНХАУ-ын Хөрөнгө оруулалтын сан мэдэгдлээ.
АНУ-ын хориг, татвар нэмэгдүүлэх арга хэмжээнд өртөөд байгаа ОХУ болон БНХАУ хоёулаа эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгохоор хичээж байгаа билээ. Үүний зэрэгцээ тус хоёр улсын хамтын ажиллагаа дэлхий дахинд чухал асуудлуудын нэг болжээ. ОХУ болон БНХАУ өмнө нь тогтворгүй харилцаатай байсан хэдий ч хоёр улсын Засгийн газар сүүлийн жилүүдэд нягт хамтран ажиллаж байгаа билээ.
ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд болдог ОХУ-БНХАУ-ын Бизнесийн зөвлөх хорооны уулзалтын үеэр олон тэрбум долларын өртөг бүхий хөрөнгө оруулалтын асуудлаар хэлэлцсэн байна.
Тус хороо ОХУ болон БНХАУ-ын тэргүүлэгч компаниудын 150 төлөөлөгчөөс бүрддэг гэж ОХУ-БНХАУ-ын Хөрөнгө оруулалтын сан мэдээлэв.
Харин ОХУ-БНХАУ-ын Хөрөнгө оруулалтын санг БНХАУ-ын Хөрөнгө оруулалтын корпораци болон ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан хамтран 2012 онд байгуулсан байна.
Хоёр улсын хамтарсан уг сангийн ажлын үр дүнд өнгөрсөн хугацаанд 4.6 тэрбум долларын өртөг бүхий долоон төслийг хэрэгжүүлсэн гэж мэдэгдэлд дурджээ.
"ОХУ болон БНХАУ-ын эдийн засгийн хүчтэй өсөлт нь үр өгөөжтэй хөрөнгө оруулалтын боломжуудыг бий болгохын сацуу хоёр улсын харилцааг баяжуулж буй хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрүүдээс бүтээлч үйл ажиллагаа гарна гэж найдаж байна" гэж ОХУ-ын төрийн мэдлийн баялгийн сангийн гүйцэтгэх захирал Кирилл Дмитриев мэдэгдлээ.
Үүнээс гадна ОХУ-БНХАУ-ын Хөрөнгө оруулалтын сан болон БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн хөрөнгө оруулалтын “Tus-Holdings” групп хөрөнгө оруулалтын хамтарсан бас нэгэн төлөвлөгөөг танилцуулсан байна.
Технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх энэхүү төсөл нь 1.28 тэрбум долларын өртөгтэй гэж ОХУ-БНХАУ-ын Хөрөнгө оруулалтын сан мэдэгдлээ.
Үүний зэрэгцээ талууд 100 сая долларын хөрөнгөтэй ОХУ-БНХАУ-ын нэгдсэн сан байгуулсны зэрэгцээ 100 сая гаруй долларын хөрөнгө оруулалттай БНХАУ-ОХУ-ын технологийн шинэчлэлийн хүрээлэн байгуулахаар төлөвлөж байгаа гэж мэдэгдэлд дурдав.
 
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг