ВЛАДИВОСТОК. /ecns/. Дорнын эдийн засгийн дөрөвдүгээр чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан өнөөдөр ОХУ-ын Владивосток хотод боллоо.
Нэгдсэн хуралдааныг нээж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үг хэлэхдээ, Алс Дорнодын бүс нутгийг хөгжүүлэх нь ОХУ-ын урт хугацааны бодлого бөгөөд тус бүс нутгийн эдийн засгийн өсөлт ирэх жилүүдэд нэмэгдэх болно гэдгийг онцлон тэмдэглэв.
Мөн тэрбээр, эдийн засгийн хамгаалалтын бодлогын улмаас олон сорилт үүсч байгааг дурдаад, эдийн засгийн чөлөөт байдлыг хадгалах нь амин чухал асуудал юм. Ингэснээр тус бүс нутаг дэлхийн эдийн засагт чухал үүрэгтэй хэвээр байх юм гэж мэдэгдлээ.
Энэ удаагийн Дорнын эдийн засгийн чуулга уулзалт “ОХУ-ын Алс Дорнод: Боломж бололцооныхоо хүрээг тэлэх нь” сэдэв дор Владивосток хотод энэ сарын 11-13-ны хооронд болж байгаа билээ.
2015 онд В.Путиний санаачилсан энэхүү чуулга уулзалт нь Алс Дорнод дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг