sonin.mn

МҮЭХ энэ жил 2012 оны УИХ болон орон нутгийн сонгуульд оролцох шийдвэрийг Ерөнхий зөвлөлөөсөө гаргаснаар УИХ-д суудалтай болоод байна. ҮЭ-ийн хамт олон бид жирийн ажилчин хүн, жирийн ахмад, өрх толгойлсон эмэгтэйчүүд, монгол ахан дүүсээ өмгөөлж хамгаалахын тулд зөвхөн ажил олгогч эзэдтэй тулахаас илүүтэйгээр шийдвэр гаргах түвшинд орж бидний төлсөн татварын мөнгийг яаж зарцуулж байна, нийгмийн даатгалын мөнгө хаана явна, эрүүл мэндийн даатгалын асуудал хаахна явна гэдгийг хянах, бүх шатны шийдвэр гаргах түвшинд орж ажиллах зайлшгүй хэрэгцээ байгааг гишүүд, хөдөлмөрчид МҮЭХ-д нийгмийн захиалгаар удаа дараа ирүүлсэн.

 

Орон нутгийн өөрөө удирдах байгууллага, аймаг, сум, дүүргийн иргэдийн хурал дээр алдаатай шийдвэр гаргасных нь дараа засаж залруулах гэж хөөцөлдөж, гадна талаас нь пекет, хаалт хийж тэмцэнэ гэдэг бол нийгэм амгалан биш байдлыг бий болгоход хүргэж байгаа нь бидний хүссэн үр дүн биш. Хуучин Ардын их хурлын, Сайд нарын зөвлөл гэж байхад ҮЭ дээд удирдлагын түвшинд байнга оролцоотой байсан учир жирийн ажилчин хүмүүсийн эрх ашиг хамгаалагддаг байсан юм.

 

Өнөөдөр нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад намын төлөөлөл эсвэл архи үйлдвэрлэгч, хуульчид, бизнесмэн, банкныхан, спортынхны төлөөлөл байна. Тэнд жирийн ажилчин хүмүүсийн төлөөлөл байна уу? Жирийн ахмад буурлуудын эрх ашгийг хамгаалж дуугардаг төлөөллийн байгууллагын дуу хоолой тэнд байна уу? Байхгүй шүү дээ. Энэ л Монгол оронд үгүйлэгдэж байна.

 

Энэ орон зайг МҮЭХ-ны ерөнхийлөгч УИХ-ын гишүүнээр сонгогдсоноор цогцоор нь шийдчихгүй. Мэдээж нэг алхам. УИХ-ын гишүүний хувьд ард түмэн жирийн хөдөлмөрчин, ахмадуудынхаа эрх ашгийг хамгаалах баталгаа болохуйц хуулийг санаачлах батлах, МҮЭХ-ноос нийгмийн түншлэлийн хүрээнд үндэсний гурван талт хэлэлцээрийн хэрэгжилтийг шахаж шаардах зэрэг боломж байгаа. Гэхдээ төр засаг, ажил олгогч түншлэгч талууд гэдэг зөвхөн Засгийн газар биш шүү дээ.

 

Шат шатны засаг дарга түүний үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий шат шатны иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг субъектэд ҮЭ-ийнхэн түрж орсноор бид ард түмнийхээ дуу хоолойг төрийн шат шатанд гаргаж чадна. Жирийн ажилчид, түмэн олон минь Ирэх оноос орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, төсвөө өөрсдөө захиран зарцуулдаг “онцгой эрх орон нутагт” очих гэж байна. Орон нутгийн төсвийн эрх мэдлийн цаана өндөр хариуцлага, хяналт байх ёстой.

 

Энэ хяналтыг нөгөө л намд хуваагдсан эрх мэдэлтнүүд, бизнесийн олигархууд өөрсдийн нүдээр харж хийвэл үүн шиг утгагуй зүйл байхгүй. Харин жирийн иргэд та бүхний оролцоо байх “алтан боломж” удахгүй болох орон нутгийн сонгуулиар олдож байна. Аймаг, сум, дүүргийнхээ ИТХ-д өөрсдийнхөө дуу хоолой болж чадах намын биш иргэдийн төлөөллөө сонгоорой. Та бүхнийхээ эрх ашгийг хамгаалахад ажлын туршлага, сэтгэлээ зориулж яваа ҮЭ-ийн олон сонгуультан энэ удаагийн аймаг, сум, дүүргийн ИТХ-д нэрээ дэвшүүлээд байна. ҮЭ намд биш иргэддээ суудал авчирч чадна. Та бүхний сонголт мэргэн байх болтугай.

 

УИХ-ын гишүүн, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар

Эх сурвалж: "Хөдөлмөр"