sonin.mn
МОСКВА. /IRNA/. Ираны Тегеран хотод энэ сарын 3-нд болсон Ази-Номхон далайн орнуудын мэдээллийн агентлагуудын /ОАНА/ Гүйцэтгэх зөвлөлийн 43 дугаар уулзалтыг ОХУ-ын “ТАСС” агентлагийн Ерөнхий захирал Сергей Михайлов үр өгөөжтэй болсон хэмээн сайшаан магтсан байна.
Энэхүү уулзалтад ОХУ, Бүгд Найрамдах Азербайжан, БНХАУ, Катар, Турк, Оман, Монгол, БНСУ, Казахстан, Япон, Пакистан, Индонез, Малайз, Ирак, Сири, Ливан, Болгарын мэдээллийн 19 агентлагийн төлөөлөгчид оролцсон юм.
Тегеран хотод болсон уг уулзалтын үеэр сэтгүүлчдэд тулгамдаад буй асуудлаар хэлэлцэж, үр өгөөжтэй уулзалт болсон гэж Сергей Михайлов мэдэгдэв.
Мөн тэрбээр, өргөн нэвтрүүлэг явуулахад зориулсан шинэ технологийн давуу талуудыг ашиглах боломж бололцоог бид хэлэлцсэн бөгөөд  Вьетнамын Ханой хотод болох дараагийн уулзалтын үеэр олон талт хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ гэж мэдэгджээ.
“ОАНА” нь 1961 онд ЮНЕСКО-гийн санаачилгаар байгуулагдсан бөгөөд бүс нутгийн 35 орны 44 мэдээллийн агентлагийг эгнээндээ нэгтгэсэн байгууллага юм.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг