sonin.mn
Монголын түүхэнд “Баруун хилийн тулгаралт” хэмээн тэмдэглэгдэн үлдсэн Монгол Улсын баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралтын ялалтын 70 жилийн ойн баярын хурал өнөөдөр Соёлын төв өргөөнд болж өнгөрлөө.
Энэхүү баярын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга оролцож, үг хэллээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Монгол Улсын Баруун хилийн тулгаралт, байлдаанд оролцож улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан:
 
Хилийн цэргийн 0130 дугаар ангийг:
 
 
Хилийн цэргийн 0130 дугаар ангийн 85 жил, Баруун хилийн тулгаралтын 70 жилийн ойг тохиолдуулан, Монгол Улсын газар нутгийн халдашгүй дархан байдлыг амь, бие үл хайрлан батлан хамгаалж, эх орон, төр ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, залуу хойч үеийнхнийхээ өмнө гарамгай гавьяа байгуулсан тус ангийн үе, үеийн хилчин, дайчид, офицер, ажилтан, албан хаагчдын гавьяа зүтгэлийг үнэлж Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.
 
Хилийн 0164 дүгээр ангийг:
 
 
Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн 80 жилийн ой, Баруун хилийн тулгаралтын 70 жилийн ойг тохиолдуулан, Монгол Улсын газар нутгийн халдашгүй дархан байдлыг амь, бие үл хайрлан батлан хамгаалж, эх орон, төр ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, залуу хойч үедээ бахархан дуурсагдсан тус ангийн үе, үеийн хилчин, дайчид, офицер, ажилтан, албан хаагчдын гавьяа зүтгэлийг үнэлж Цэргийн гавьяаны одонгоор шагнав.
 
Ахмад дайчин Баянжаргалын Логийг
 
 
Гаднын булаан эзлэгч хүчнүүдийн эсрэг Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн халдашгүй дархан байдлыг амь, бие үл хайрлан батлан хамгаалж эх орон, төр ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн Хилийн цэргийн 0130 дугаар ангийн ахмад дайчин Баянжаргалын Логийг Төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагналаа.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дээрх зарлигийг  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Төрийн цэргийн байгууллагын асуудал хариуцсан бригадын генерал Ч.Сайнтөр уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хилийн цэргийн ангиудын дайчин алдар, цог жавхааг илэрхийлсэн туганд шагналыг хүндэтгэлтэйгээр зүүж өгөв.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шагнал гардуулж дууссаны дараа:
 
“Эрхэм хүндэт ахмад дайчид аа,
 
Эрхэм генерал, офицер, ахлагч, байлдагч түрүүч, албан хаагчид аа,
 
Хүндэт зочид оо,
 
Эх орноо батлан хамгаалах ариун үйлсэд амь бие үл хайрлан зүтгэж явсан буянт буурлууд, ахмад дайчид, тэдний эрхэм үйлсийг нэр төртэй залгамжлан яваа хилчид  Та бүхэнд Монгол Улсын баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралт байлдаан дууссаны 70 жилийн ойн мэндийг дэвшүүлье.
Монгол Улсын баруун хил дээр 1940-1948 оны хооронд нийт 64 удаагийн зэвсэгт тулгаралт болсныг тангараг өргөсөн цэрэг эрс маань амжилттай няцааж байсан байлдааны түүх, гарамгай гавьяа байгуулсан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын баатар Ж.Нэхийт, С.Лхагвадорж, Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж, Б.Дорж, Б.Бадам, Д.Намнан, Э.Шийлэг, Н.Жамбаа болон олон зуун эх оронч хөвгүүд, эрэлхэг хилчдийнхээ алдар гавьяаг хүндэтгэн дурсаж байна.
Өнөөдөр баруун хилийн тулгаралт байлдаанд оролцож, эх орноо хамгаалан байлдсан нэр бүхий 40 гаруй ахмад дайчинд төрийн дээд шагнал хүртээж, хүндэтгэл үзүүлсэн. Эдгээр ахмад дайчдын төлөөлөл, 1948 онд цэл залуухан 22 настай, байлдааны ялалтыг авчралцан тулалдаж явсан Баянжаргалын Логи гуайд Сүхбаатарын одонг нь гардуулан өглөө. Эх орноо батлан хамгаалж, хойч үедээ энх тайвныг өвлүүлсэн ахмад дайчид, буянтай буурлууд минь урт насалж, удаан жаргаарай.
Улсын хилийн халдашгүй дархан байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал нь Монгол Улсын оршин тогтнохуй, үндэсний аюулгүй байдлын хамгийн эрхэм бөгөөд дархан хэсэг байдаг.
Ховд аймгийн Үенч суман дахь хилийн 0130 дугаар анги бол баруун хилийн зэвсэгт тулгаралтын үеэр манай улсын зэвсэгт хүчний гол хүч байж, Гоминданы цэргийн түрэмгийлэл, Оспаны дээрэмчдийн зэвсэгт халдлагаас эх орныхоо халдашгүй дархан байдлыг халуун амь, бүлээн цусаа үл хайрлан, өргөсөн тангарагтаа үнэнчээр хамгаалан тэмцэж, хойч үедээ эх оронч үзлийг үлгэрлэж, бахархан дуурсах алдрыг өвлүүлсэн домогт Байтагийн застав, Үенчийн отрядаас төрсөн эх оронч эрэлхэг баатар хөвгүүдийн өлгий билээ.
80 жилийн түүхтэй, хилийн 0164 дүгээр анги нь 1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1946-1948 оны Баруун хилийн тулгаралт байлдаанд оролцож, улсын хилийн тэргүүн шугамд тулалдаж байсан анги, салбаруудад зэвсэг, галт хэрэгсэл, хоол хүнс, хувцас, эм зэрэг шаардлагатай эд материалыг тээвэрлэн хүргэх, бие бүрэлдэхүүн, хүч хэрэгслийг шилжүүлэн бүлэглэх, нөхөн хангах зэрэг байлдааны тээвэр хангалтын онц чухал үүрэг гүйцэтгэж, анги салбарын байлдах чадварыг сэргээн, байлдааны ялалтыг ойртуулах, улс эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхэн гавьяатай.
Монгол Улсын баруун хил дээр болсон тулгаралт байлдаан дууссаны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан үе үеийн эрэлхэг хилчдийн алдар гавьяа, улсын хил хамгаалалтад оруулж байгаа хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд зарлиг гарган, хилийн 0130 дугаар ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор, 0164 дүгээр ангийг Цэргийн гавьяаны одонгоор тус тус шагнасныг ангиудын дайчин алдар, цог жавхааг илэрхийлсэн туганд бахархалтайгаар зүүж өглөө.
Мөн хилийн 0130 дугаар ангийн 0113 дугаар салбар буюу Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Баатар Бэгзийн Гивааны нэрэмжит Байтагийн застав болон хилийн 0166 дугаар ангийн 0210 дугаар салбар буюу Замын Билгэхийн застав Цэргийн гавьяаны одонгоор шагнагдсан, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор хилийн 0166 дугаар ангийн Уушгийн заставыг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Баатар Б.Бадамын нэрэмжит болгосон явдалд баяр хүргэе.
Монгол эх орны хилийн анги, салбар бүхний бахархалт үүрэг, дайчин үйлсэд халуун талархал илэрхийлж, нийт албан хаагчдад эрүүл энх, сайн сайхныг хүсье.
Монгол Улсын хил халдашгүй дархан байж, хилчин дайчдын яруу алдар бадартугай.
Баярлалаа” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа Монгол Улсын баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралтын ялалтын 70 жилийн ойд зориулсан түүхэн зурагнуудыг үзэж сонирхов.